МАН, АН суудлыг солих гэж ард түмний баялгийг үрж яана
МҮАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл
2015.10.07

МАН, АН суудлыг солих гэж ард түмний баялгийг үрж яана

Улс төрийн намууд сонгуулийн хар машиныг “ад үзэж” байна

УИХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн чимээ дуулдаж эхэллээ. Дөрвөн жилийн хугацаанд төрийн эрх барих эрх мэдлийн төлөө Монгол Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 20 гаруй нам бүгд л өрсөлддөг. Өөр өөрийн гэсэн онцлогийг хадгалсан мөрийн хөтөлбөр боловсруулж, түүнийгээ сурталчлах, иргэд аль таалагдсан хөтөлбөрөө сонгох ажил өмнө нь сонгуулийн өмнөх гуравхан сарын хугацаанд идэвхждэг байлаа. Хуучны арга барилаар бол. Харин өнөөдөр бол нийгэм, цаг үе өөрчлөгдсөн. 

Ард түмний намуудад итгэх итгэл улам бүр суларч, сонгуулийн идэвх саарч байгаа учраас ялсан, ялагдсанаас үл хамаарч улс төрийн намууд сонгууль болсоны маргаашаас дараагийн сонгуульдаа бэлтгэдэг болчихсон. Хэн нь ямар амлалт өгөх, хэр хүчтэй эрх баригч, сөрөг хүчин байх вэ гэсэн тэр бүх үйл ажиллагаа зарим талаараа сонгуульд бэлтгэж байгаа нэг хэлбэр юм. Намууд төрийн үйл ажиллагаа, УИХ, Засгийн газрын төвшинд энэ мэтээр бэлтгэлээ базааж байж болох. Харин намын халуун тогоонд юу болж байна вэ. 

Тэд ер нь дараагийн сонгуульдаа бэлэн үү гэдэг асуулт улс төрийн намуудын гишүүд, идэвхтэн дэмжигчдийн хувьд сонирхол татах асуудал болж эхэлсэн. Тиймээс манай сонин өмнөх дугаартаа улс төрийн намуудын эмэгтэйчүүдийн үйл ажиллагаа хэр идэвхтэй байгаа, 2016 онд эмэгтэйчүүдийн квотыг хэдэн хувьд хүргэх зорилго тавьж буйг сурвалжилсан.

Тэгвэл энэ удаад парламентад суудалтай болон суудалгүй улс төрийн намуудын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга нараас сонгуульд бэлэн үү гэх асуултын хариуг эрлээ. Парламентад суудалгүй олон нам байдаг бөгөөд энэ удаад нэг, хоёрыг нь төлөөлөл болгон оруулснаа онцлох нь зүйтэй болов уу. 

/МҮАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл/

- Улс төрийн намууд сонгуульд бэлэн үү, сонгуульд угтсан ямар ажлууд хийж байна?

Улс төрийн намууд сонгуульд бэлэн үү гэж их асууцгаах юм. Сонгууль болж л таараа, намууд оролцож л таараа. Хамгийн гол нь сонгуулийн дараа юу өөрчлөгдөж сайжрах вэ гэдэгт илүүтэй анхаарах хэрэгтэй. Өнөөдөр дээр доргүй л төрийн чадамж муу байгаа, тогтворгүй, бодлогогүй, залгамж чанаргүй, чадварлаг бус байгаа тухай ярьж байна.

Тэгэхээр сонгуулийн дараа энэ байдал алга болж, оронд нь бодож чаддаг, төлөвлөж чаддаг, хийж гүйцэтгэж чаддаг, хянаж, сайжруулж чаддаг төр бий болох юм уу. Би бол чадахгүй гэж бодож байна. Тийм учраас Үндсэн хуулийнхаа гурван бүлгийг сайжруулж, улс төрийн намын хуулиа цэгцэлж байж сонгууль явуулах эс бөгөөс сонгуулиа болих хэрэгтэй. Ямар ч үр дүнгүй АН, МАН хоёрын суудлын тоог солих сонгууль хийж, ард түмний баялгийг цаас, баас болгох нь хэнд хэрэгтэй юм.

- 2012 оны сонгуулийн хуулийн алдаа оноо, хуульд ямар байдлаар өөрчлөлт оруулах нь намуудад ашигтай вэ? 

Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар улс төрийн намуудын төлөөлөл хэд хэдэн удаа ярилцсан. Хэд хэдэн зүйл заалтаар байр сууриа нэгтгэсэн гэхдээ дараалал нь болж өгвөл Үндсэн хуулийн өөрчлөлтөөс эхлэх ёстой юм. Сонгуулийн үр дүнд сонгогчдын итгэл даасан, хүлээн зөвшөөрөгдөхүйц, төр, засаг байгуулагдах ёстой. Энэ үүднээс тооллого шударга байх чиглэлд зайлшгүй л өөрчлөлт хийх нь зөв. Хяналтын тооллого, давхар тооллого гэх мэт.