Төсөл бэлэн ч, хоёр асуудлаар санал нэгдээгүй
Одоо МАН-аас л бүх зүйл хамаарч байна
УИХ-ын даргын захирамжтайгаар байгуулагдсан Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийг боловсруулах Ажлын хэсгийн ахлагч Р.Бурмаагаас дараах зүйлийг тодрууллаа.
-Сонгуулийн хуулийн төслийг хэзээ өргөн мэдүүлэх вэ?
-Намрын чуулган эхлэхээс өмнө Ажлын хэсгийг хуралдуулна. Өнөөдрийн байдлаар 96 хуудас бүхий хуулийн төсөл бэлэн болоод байна. Үг, үсэг. зүйл, заалт бүрт нь санал хурааж, эцэслэсэн. Гэхдээ Ажлын хэсэг дээр хоёр асуудалд санал нэгдэж чадаагүй. Нэгдүгээрт, УИХ, Ерөнхийлөгчийн болон орон нутгийн сонгуулийг зэрэг явуулна гэсэн саналд У ИХ дахь МАН-ын бүлгүүд эсрэг байр суурьтай байгаа.
Хоёрдугаарт, сонгогчдын саналыг хар машинаар тоолохын сацуу давхар гараар тоолно гэсэн саналыг МАН-ын бүлгийн гишүүд дэвшүүлээд байгаа. Ардчилсан намын бүлгээс хар машинаар тоолоод хяналтын тооллогын тоог нэмэх саналыг дэвшүүлсэн. Миний хувьд энэхүү хоёр асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн шийдүүлэх саналтай байгаа.
-Сонгуулийн тогтолцоонд санал нэгдсэн гэсэн үг үү?
-Тийм ээ. 48, 28 гэсэн тогтрлцоонд санал нэгдсэн. Гэхдээ 48 нь хуучин тойргоороо. Харин жагсаалтаар орох 28 дээр нэлээд өөрчлөлт оруулахаар боловсруулсан. Намын жагсаалтаар сонгохоор хэн нэр дэвшиж байгаа нь мэдэгдэхгүй байна гэсэн гомдол ихээр ирсэн. Иймд жагсаалтын 28 мандатыг таван бүсэд хуваасан. Улаанбаатараас бусад дөрвөн бүс тус бүрт таван мандат ногдоно.
Харин Улаанбаатарт үлдсэн найман мандатыг хуваарилахаар хуулийн төсөлд тусгаад байна. Учир нь Улаанбаатар хот хүн ам ихтэй. Ингэхдээ сонгуульд оролцох нам тус бүр таван нэр дэвшигчийг саналын хуудсанд бичүүлэх бөгөөд тухайн хүнд өгсөн саналыг намын санал гэж тоолно. Харин бүсүүдэд ингэж хувааж хүнд санал өгөх болсноор намын нэр дугуйлж Үндсэн хууль зөрчдөг гэсэн маргаан эцэсдэгдэх сайн талтай.
-Сонгуулийн хуулийн төслийг арванхоёрдугаар сарын 26-аас өмнө батлах учиртай. Намрын чуулганаар амжиж батлах уу?
Санал нэгдэж чадахгүй бол нэг хувилбараар нь УИХ-д өргөн мэдүүлж, шийдэх боломжтой.
-Хэрэв Ажлын хэсэг хуралдаад, дээрх хоёр асуудалд санал нэгдэж чадахгүй, байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар шийдье гэсэн санал дээр нэгдвэл хуулийн төслийг өргөн мэдүүлнэ. Ажлын хэсэг дээр заавал санал нэгдэнэ гэдгийг хүлээвэл бэрхшээлтэй. Санал нэгдэж чадахгүй бол нэг хувилбараар нь УИХ-д өргөн мэдүүлж, шийдэх боломжтой. Ажлын хэсгийн арван хүн биш, УИХ-ын 76 гишүүн шийднэ гэсэн хувилбар байж болно. Энэ саналыг Ажлын хэсгийн гишүүдэд тавьсан.
Ер нь одоо МАН-аас л хамаарч байна. УИХ дахь МАН-ын бүлгээс Ажлын хэсэгт орсон гишүүд дээрх хоёр шаардлагыг хатуу тавьж байна. Бүлэг Ажлын хэсгийн гишүүдэд шахалт үзүүлэхээс илүүтэйгээр байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдааны үеэр асуудалд хандаж болно шүү дээ.
-Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 20 гаруй нам Сонгуулийн хуулийн төслийг боловсруулаад энэ долоо хоногт Засгийн газраас санал авахаар өргөн мэдүүлнэ гэсэн. Учир нь таны ахалж байгаа Ажлын хэсэг өнөөдрийг хүртэл Сонгуулийн хуулийн төслийг өргөн мэдүүлэхгүй байгаатай холбоотой хэмээн тайлбарлаж байна. Та үүнд ямар байр суурьтай байгаа вэ?
-Олон талаас санал ирж байвал сайн. Миний хувьд парламентад суудалгүй улс төрийн хүчнүүдээс санал авахаар хэлэлцүүлэг зохион байгуулсан. Хэлэлцүүлгийн үеэр гарсан саналыг тайланд хавсарган Ажлын хэсэгт хүргүүлсэн. Хүн бүхэнд саналаа өгөх, хуулийн төсөл боловсруулах эрх нь нээлттэй байгаа.