Мөрийн хөтөлбөрөө олон нийтэд танилцуулж байгаа
Монгол консерватив намын дарга Н.Дашдаваа
2015.10.07

Мөрийн хөтөлбөрөө олон нийтэд танилцуулж байгаа

Улс төрийн намууд сонгуулийн хар машиныг “ад үзэж” байна

УИХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн чимээ дуулдаж эхэллээ. Дөрвөн жилийн хугацаанд төрийн эрх барих эрх мэдлийн төлөө Монгол Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 20 гаруй нам бүгд л өрсөлддөг. Өөр өөрийн гэсэн онцлогийг хадгалсан мөрийн хөтөлбөр боловсруулж, түүнийгээ сурталчлах, иргэд аль таалагдсан хөтөлбөрөө сонгох ажил өмнө нь сонгуулийн өмнөх гуравхан сарын хугацаанд идэвхждэг байлаа. Хуучны арга барилаар бол. Харин өнөөдөр бол нийгэм, цаг үе өөрчлөгдсөн. 

Ард түмний намуудад итгэх итгэл улам бүр суларч, сонгуулийн идэвх саарч байгаа учраас ялсан, ялагдсанаас үл хамаарч улс төрийн намууд сонгууль болсоны маргаашаас дараагийн сонгуульдаа бэлтгэдэг болчихсон. Хэн нь ямар амлалт өгөх, хэр хүчтэй эрх баригч, сөрөг хүчин байх вэ гэсэн тэр бүх үйл ажиллагаа зарим талаараа сонгуульд бэлтгэж байгаа нэг хэлбэр юм. Намууд төрийн үйл ажиллагаа, УИХ, Засгийн газрын төвшинд энэ мэтээр бэлтгэлээ базааж байж болох. Харин намын халуун тогоонд юу болж байна вэ. 

Тэд ер нь дараагийн сонгуульдаа бэлэн үү гэдэг асуулт улс төрийн намуудын гишүүд, идэвхтэн дэмжигчдийн хувьд сонирхол татах асуудал болж эхэлсэн. Тиймээс манай сонин өмнөх дугаартаа улс төрийн намуудын эмэгтэйчүүдийн үйл ажиллагаа хэр идэвхтэй байгаа, 2016 онд эмэгтэйчүүдийн квотыг хэдэн хувьд хүргэх зорилго тавьж буйг сурвалжилсан.

Тэгвэл энэ удаад парламентад суудалтай болон суудалгүй улс төрийн намуудын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга нараас сонгуульд бэлэн үү гэх асуултын хариуг эрлээ. Парламентад суудалгүй олон нам байдаг бөгөөд энэ удаад нэг, хоёрыг нь төлөөлөл болгон оруулснаа онцлох нь зүйтэй болов уу. 

/Монгол консерватив намын дарга Н.Дашдаваа/

- Улс төрийн намууд сонгуульд бэлэн үү, сонгуульд угтсан ямар ажлууд хийж байна?

- Манай нам салбар байгууллагуудаа байгуулах судалгаа, бэлтгэл ажилаа дууссан. Одоо зохион байгуулалтын ажилруугаа орсон. Энэ намар аймаг, дүүргүүдийн салбар байгууллагууд байгуулагдаж дуусна. 2016 онд бүх шатны сонгуульд бүрэн бүрэлдэхүүнтэй оролцоно. Бид өнгөрсөн хугацаанд “Дэлхийн хараатай Монгол-2050” улсаа хөгжүүлэх стратегийн төлөвлөгөөгөө гаргасан. Энэ баримт бичиг 2016 -2020 оны мөрийн хөтөлбөр юм. Мөрийн хөтөлбөрөө олон нийтэд танилцуулах ажил үргэлжилж байна. 

- 2012 оны сонгуулийн хуулийн алдаа оноо, хуульд ямар байдлаар өөрчлөлт оруулах нь намуудад ашигтай вэ? 

- Сонгуулийн тухай хуулийг өөрчлөх хугацаа тун бага болсон. Сайруулах гээд аль нэг нам бүлэгт ашигтай хувилбараар хуйвалдаан хийх вий гэж болгоомжилж байна. Түүнээс сонгуулийн тухай хуульд оруулах өөрчлөлт шаардлага байгаа. Сонгуулийн хууль нэр дэвшигч, иргэд, сонгогчдийн хардалтыг арилгах хэмжээнд шударга хууль байх ёстой. 2012 онд нэмэлт өөрчлөлт оруулсан Сонгуулийн хуулийг харьцангуй сайн хууль гэж дүгнэдэг. Гэхдээ зайлшгүй хийх өөрчлөлтүүд байна. 

Нэгдүгээрт автомат тооллогыг гараар давхар тоолдог болох хэрэгтэй. Сонгогчдын төлөөллийн илтгэлийг автоматжуулж болохгүй санагддаг. Хоёрдугаарт, сонгуулийн сурталчилгааны хугацааг уртасгах хэрэгтэй. Бүртгэлээс хойш 25-35 хоног багтааж сурталчлах шаардлагатай. Энэ нь 21 аймаг, есөн дүүрэгт тухай нам бодлого, мөрийн хөтөлбөрөө сурталчлан таниулахад хангалттай биш хугацаа. Энэ давчуу хугацаанаас болж иргэдэд үнэн зөв мэдээлэл хүрэхгүй байгаа юм. Сонголт хийхэд хүндрэл учирч байгаа юм.