Эм биш спорт, хөдөлгөөн л хүнийг эдгээдэг
“Шинобү” ХХК-ны захирал Ц.Амарбаясгалан
2015.10.05

Эм биш спорт, хөдөлгөөн л хүнийг эдгээдэг

“Шинобү” ХХК-ны захирал Ц.Амарбаясгалантай нийтийн эрүүл мэндийн боловсролын талаар ярилцлаа.

Нийтийн эрүүл мэндийн боловсрол гэж юу вэ. Монголд хэр хөгжсөн бэ?

Бид багаасаа л сар бүр нийтээрээ гүйж, цана чаргаар хичээллэх зэрэг чийрэгжүүлэх дасгал хөдөлгөөнийг хийдэг байсан. Гэр бүл дотор л нийтийн эрүүл мэндийн боловсрол байдаг. Одоо харин хувь хүн л өөрийгөө чийрэгжүүлдэг болсон. Хувь хүн өөрөө хичээж байж л эрүүл байх цаг.

Фитнесст хэдий насны хүмүүс хамрагдаж байна?

Манай фитнесст бүх насныхан хичээллэж байна. Залуучууд биеэ хөгжүүлэх гэж хичээллэдэг бол дунд болон ахмад насныхан хөдөлгөөн эрүүл мэндэд сайн гэдгийг ойлгосон учраас түлхүү хичээллэдэг. Ер нь хорт хавдар, чихрийн шижин зэрэг өвчнийг тусах магадлал маш бага байсан ч харин одоо аюултай өвчний тоонд орчихсон.  Агаарын бохирдол, хөрсний бохирдол гээд л эрүүл мэндэд  хортой хүчин зүйлсүүд их бий. Тиймээс хувь хүн тус бүр өөрийгөө л сэргийлэх хэрэгтэй. Эмээр хүнийг эдгээх биш спорт хөдөлгөөн л хүнийг эдгээдэг. Өвчин тусаад эмийн сан руу явахаасаа өмнө хөдөлгөөн хийдэг байсан бол эмийн сан явах хэрэггүй л болно гэсэн үг. Сүүлийн үед хүмүүс үүнийг их сайн мэддэг болсон нь нэг талаараа нийгмийн эрүүл мэнд сайн хөгжих үндэслэл болсон.

Эрүүл мэндийн даатгалын мөнгийг өвчнөөс урьдчилан сэргийлэхэд ашиглах боломж бий юу?

Эрүүл мэндийн даатгалд төлж буй  мөнгө хаашаа ордог нь мэдэгддэггүй. Хүн хөдөлмөрийнхөө үр дүнг өөртөө л ашиглах хэрэгтэй. Спортоор хичээллэж буй хүнд даатгалаас тодорхой хувийг нь төлдөг байсан бол нийтийн эрүүл мэнд сайн хөгжих боломж бүрдэнэ. Үүнийг дагаад өндөр үзүүлэлттэй өвчлөлийн тоо багасна.  Хүн ам эрүүл байх үед эрүүл сэтгэж, улс орон ч хөгжинө. Ер нь боловсролын системд сайн оруулж өгөх хэрэгтэй. Биднийг бага байхад ариун цэврийн үзлэг байнга явагддаг байсан. Бүх зүйлийг эдийн засаг, төртэй холбох бус сууриас нь эхлэн өөрчлөх хэрэгтэй.

Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог үр дүнтэй ашиглах боломж бий юу?

Ашигладаг хүн тун ховор. Бөхчүүд зэрэг зарим хүмүүс л ашигладаг байх.

Гадны улс оронд ЭМД-ын тогтолцоог үр дүнтэй ашиглах ямар нөхцөл бүрдсэн байдаг вэ?

Би тамирчин байхдаа Японд 10 гаруй жил суралцаж байсан. Тухайн үедээ нийгмийн даатгал төлдөг байсан. Тамирчин учраас бэртэл гэмтэл авч эмнэлэгт хэвтэх тохиолдол цөөнгүй. Японы нийгмийн даатгалаас өдөр тутмын зардлыг бодож мөнгө төлдөг байсан учраас олон хоног хэвтэх тусам ашигтай байдаг. Тийм ч учраас хүмүүс нь нийгмийн даатгал төлөх дуртай. Даатгалын тогтолцооны хувьд авахаасаа илүү өгөх нь  л чухал байсан. Ийм л байх ёстой.

Энэ тал дээр Төрийн зүгээс хэрхэн анхаарах ёстой вэ?

Бүх зүйлд л төр засгийг харж болохгүй. Нийгмийн даатгалыг зохицуулалтанд оруулахад хэцүү. Хувь хүн өөрөө л эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй.