Ахмад багш нартаа хүндэтгэл үзүүллээ
Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей
2015.10.02

Ахмад багш нартаа хүндэтгэл үзүүллээ

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонооссанаачлан Боловсрол, шинжлэх ухааны яам, Монголын Ахмад багш нарын холбоотой хамтранөнөөдөр Төрийн ордны Их танхимд “Монголын ахмад багш нарын хүндэтгэлийн дурсамж уулзалт”-ыг хоёр дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.

Энэхүү хүндэтгэлийн уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей, Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд Б.Тулга, тус яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр, “Монголын Ахмад багш нарын холбоо”-ны тэргүүн Д.Амар, Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Ардын жүжигчин Г.Хайдав нар болон боловсролын салбарын тулгын чулууг тавилцсан 500 гаруй ахмад багш оролцов.

Уулзалтын үеэр салбартаа олон жил, үр бүтээлтэй ажилласан ахмад багш нарыг шагнаж урамшуулахаас гадна шавь нар нь багшдаа хүндэтгэлүзүүлэн дурсгалын зүйл гардуулсан юм. Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей их сургуулийн багш нар нь байсан академич, доктор, профессор М.Төмөржав, доктор, профессор П.Санжид нарт хүндэтгэл үзүүлж, хадаг, мөнгөн аяга өргөн барилаа. 

Академич, доктор, профессор М.Төмөржав, доктор, профессор П.Санжид нарын хувьд хоёулаа Хөдөө аж ахуйн их сургуулийн ректораар ажиллаж байсан эрхэм хүмүүс билээ. Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакейн хувьд Улсын Их Хурлын гишүүд дотор Монгол улсын боловсролын салбарт хамгийн олон жил буюу 24 жил ажилласан багш хүн гэдгийг хэлэх нь зүйтэй байх.  

Тэрээр Хөдөө аж ахуйн их сургуульд эдийн засгийн багшаар нийт 24 жил ажилласан байна. Шавийн эрдэм багшаасаа гэдэг. Угаасаа эрдэм ном сурахыг эрхэм зорилгоо болгосон тэрээр эрдэмтэн багш нарынхаа эрдэм номын өглөгийг төр түшилцэх ариун үйлсээрээ хариулсаар явна.   

Хүний өөрийн гэж ялгалгүй хүүхэд бүрийг сурган хүмүүжүүлэх үйлсэд залуу насаа зориулсан ахмад багш нартаа Монголын ахмадын өдөр, Монголын багш нарын баярын мэндийн хүргэж эрүүл энх аз жаргал, урт удаан наслахын өлзийт ерөөлийг өргөн дэвшүүлье.

Багш та! Хүүхэд шуугисан их өргөөний эзэн юм.

Багш та! Хүсэл долгилсон ирээдүйн замын эх юм.