Шинэ хуулийн тухай шүүмж...
2015.10.01

Шинэ хуулийн тухай шүүмж...

Шинэ хуулийн тухай шүүмж... 

Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль 2015 оны 8 сарын 7-нд батлагдан гарсан бөгөөд хуулийг хэрэгжүүлэх журам нь 2015 оны 8 сарын 31-нд батлагдаж, 9 сард нийтэд мэдээлсэн.

Уг хуулиар бол бизнес эрхлэгчид 2015 оны 4 сарын 1-нээс өмнөх нуун дарагдуулсан хөрөнгө, орлогоо ил болгож дахин тайлагнасан тохиолдолд татварын эрсдэлд орохгүй болж байгаа билээ.  

Ингээд хоёр тайлангаас нэг тайлан руу шилжих шилжилтийн үе 2015-12-31 хүртэл үргэлжлэнэ гэж байгаа. 

Нэгэнт энэ хууль 2-р улирлын тайлан гарсаны дараа буюу 8 сард батлагдаж, 9 сард нийтэд мэдээлэгдсэн учраас 2015-04-01 гэсэн хугацааг 2015-07-01 гэж тавьсан бол ЭЗИТБТ хуулийг хэрэгжүүлэхэд бизнес эрхлэгчдэд илүү хялбар байх байлаа.

Учир нь бизнес эрхлэгчид хуулийг хэрэгжүүлж нэг тайлантай болохын тулд 4-8 сард нуусан хөрөнгө, орлого зардлаа ил гаргаж 3-р улирлынхаа тайланг гаргах шаардлагатай болж байгаа юм. Үүний үр дүнд 3-р улирлын тайлангаар төлөх татвар багагүй нэмэгдэж таарна. 

Энэ нь, эдийн засгийн хямралын үед алдагдалтай ажиллахгүйн төлөө явж байгаа боловч нэг тайланд шилжихийг хүсч байгаа олон байгууллагуудад хүндээр тусч байгаа нь ойлгомжтой. 

Зөвхөн НДШ дээр нэг жишээ авья: 

ИЛТОД ХХК Батад сар бүр 1500.000 төгрөгний цалин олгодог бөгөөд 500.000 төгрөгнөөс НДШ боддог, үлдсэнийг нь суутгалгүй олгодог байжээ.  Гэтэл ил тод байдлын тухай хууль гарсаныг 9 сард мэдэв. 

Хэрэв хуулийг хэрэгжүүлье гэвэл ИЛТОД ХХК 4-8 сарын НДШ тайлангаа үнэнээр нь гаргах ёстой болж байгаа бөгөөд зөвхөн Бат дээр л гэхэд 1000.000*11%*5 сар=550.000 төгрөгний НДШ-ийг байгууллагаас нэмж төлөх ёстой болно.  

Мөн Батын хувьд (100.000+83.000)*5 сар=915,000 төгрөгний НДШ болон ХХОАТ-ийг цалингаасаа нөхөн төлөх ёстой болж таарна. Нийлээд бодвол 550.000+915.000=1465.000 төгрөг. Нэг хүн дээр бодоход ийм байгаа юм чинь олон ажилтантай компаний хувьд энэ нь байгууллагадаа ч тэр, хувь хүндээ ч тэр хүндрэлтэй асуудал. 

Энэ мэт цалингаас гадна НӨАТ, ААНОАТ гэх мэт бусад татваруудын нөлөөллийг нэмж бодвол ИЛТОД ХХК ний 3-р улиралд төлөх татвар нэлээдгүй нэмэгдэх тооцоо гарч байна. Иймд мөнгөн хөрөнгө хомсдолтой байгаа тул 2015 ондоо хуучнаараа явья гэдэг шийд гаргах магадлал өндөр. 

Ийм ч учраас НӨАТ-ийн тухай хууль нь хэрэгжиг, харж байж больё, шаардлагатай бол 2016 оноос нэг тайлан руу орьё, энэ ондоо хуучнаараа явья гэх байгууллагууд цөөнгүй байна. 

Үүний үр дүнд юу болох вэ? 

Хэрэв байгууллагууд 2015 оны 4 сарын 1 нээс 2015 оны 12 сарын 31-нийг хүртэлх хугацаанд бий болгосон хөрөнгө, орлого зардлаа гүйцэд бүртгэхгүй бол 2015 оны жилийн эцсийн тайлан нь худлаа гарна. Үүний үр дүнд байгууллагууд дахиад л хоёр тайлангаасаа салж чадахгүй байх нөхцөл байдал үүсч болох юм. 

Эдийн засгийн хямралтай байгаа энэ үед төлөх татвар нь нэмэгдээд ирэхээр компаниуд ер нь яах юм болдоо...