УИХ-ын гишүүн, НББСШУБХ-ны дарга Д.Батцогт Ховд аймагт ажиллаж байна
УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт Ховд аймагт ажиллаж байна.
Тэрээр энэ сарын 27-ны өдрөөс эхлэн Булган сумын төв, Байтаг, Алагтолгой, Баянсудал, Баянгол баг, Мөст, Манхан сумын төвийн иргэдтэй уулзалт хийлээ.
Уулзалтын үеэр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийг нөхцөл байдлыг танилцуулж, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороогоор хэлэлцэгдэж, УИХ-ын чуулганаар батлагдсан хуулиуд болон 2015 оны УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх зарим хууль тогтоомжийн талаар танилцууллаа.
Тухайлбал, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого, Төрөөс эмийн талаар баримтлах бодлого зэрэг олон хууль тогтоомжийг танилцуулж, тайлбар хийсэн юм.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд зааснаар иргэн хүн ирээдүйд эрсдэл үүсэхэд хаанаас, хэнээс мөнгө авах тухай бодох биш, заавал даатгуулчихаад даатгалаараа эмчилгээ хийлгэх боломж бүрдсэн, гэр бүлийн гишүүд даатгалаа шилжүүлэх боломжтой болсон, иргэн бүр цахим карттай болсноор эмнэлэг болон эмчээ сонгож үйлчлүүлэх боломжтой болсон зэргийг УИХ-ын гишүүн тайлбарлав.
Орон нутгийн иргэдийн зүгээс эдийн засаг хямарч, малын үнэ буурсан нь малчдад хүндрэлтэй байна.
Орон нутгийн иргэдийн зүгээс эдийн засаг хямарч, малын үнэ буурсан нь малчдад хүндрэлтэй байна. Тиймээс махны экспортыг дэмжиж, малчдад бодит орлоготой болох боломжийг бүрдүүлж өгөхийг хүсч байлаа.
УИХ-ын гишүүн, НББСШУБХ-ны дарга Д.Батцогт хэлэхдээ, миний бие саяхан Монголын махны холбооны тэргүүнээр сонгогдсон. Сүүлийн үед уул уурхайг хэт шүтэж амьдрах нь хөгжил биш, шавхагдашгүй баялаг бол мал аж ахуй юм гэдэг нь тодорхой болж байна. Энэ цаг үед миний бие махны холбооны тэргүүнээр сонгогдсон учраас махны экспортыг нэмэгдүүлэхийн төлөө ажиллаж байна.
Монгол Улсын Засгийн газар ч махны үйлдвэрлэлийг хөгжүүлэх, мал аж ахуйн салбарыг дэмжих тал дээр эрчимтэй ажиллаж буй. Ингэхийн тулд бидэнд махны үйлдвэрлэлийг хөгжүүлэх шаардлага тулгарч буй. Ховд аймаг дэд бүтэц сайн хөгжсөн, байнгын ажиллагаатай боомттой, баруун таван аймаг тойроод байршиж байгаа гэдэг утгаараа махны үйлдвэр байгуулах боломжтой. Үйлдвэртээ нядалгаа хийгээд малын махаа зардаг болвол малчид орлоготой байж, орлого нь өсөх боломжтой хэмээн хэллээ.
Түүнчлэн малчдын хувьд их дээд сургуульд суралцаж байгаа хүүхдүүдийн төлбөрт туйлдаж байна. Энэ асуудлыг төр зохицуулж өгөөч гэсэн хүсэлт олон иргэдээс гарсан. УИХ-ын гишүүн, НББСШУБХ-ны дарга Д.Батцогт хариулахдаа, Их дээд сургуулиудыг төр зохицуулах тусам амь бөхтэй болно. Хувийн өмчид төр оролцох эрх зүйн орчин байхгүй. Өнгөрсөн жилүүдийг харахад их, дээд сургууль төгссөн болгон ажилтай орлоготой сайхан амьдарч чадахгүй байна.
Харин мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцсан оюутнууд өндөр цалинтай ажиллаад сайхан амьдарч болж буй. Энэ боломжийг төр бий болгож өгсөн. Өөрөөр хэлбэл та хүүхдийнхээ сургалтын төлбөрт мөнгө төлөх биш, хүүхэд тань Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцсаныхаа төлөө төрөөс цалин авч буй. Төгсөөд 2,000,000 төгрөгийн цалинтай өндөр мэргэжлийн гагнуурчин болох жишээтэй. Энэ боломжийг та бүхэн харж сонголтоо хийх боломжтой хэмээн тайлбарлав.
Тэрээр орон нутагт ажиллах үеэрээ Булган, Үенч, Алтай, Мөст, Манхан сумдын ерөнхий боловсролын сургуулийн багш нартай уулзаж, боловсролын тухай хууль тогтоомжийн талаар танилцуулахаас гадна олон улсын багш нарын баярын мэнд хүргэсэн юм. Мөн орон нутгийн ахмадуудад ахмадын баярын мэндийг хүргэж байсан юм.