Д.Оюунхорол Тосонцэнгэлийн төлөөлөгчидтэй уулзлаа
УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол
2013.12.09

Д.Оюунхорол Тосонцэнгэлийн төлөөлөгчидтэй уулзлаа

УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол Завхан аймгийн Тосонцэнгэл сумын ИТХ-ын төлөөлөгчидтэй Төрийн ордонд уулзлаа.

Тус сумын ИТХ-ын төлөөлөгчид нийслэлийн ИТХ болон зарим дүүргийн ажил байдалтай танилцаж, туршлага судалж байгаа юм. Тосонцэнгэл суманд ирэх жил төсвөөс зургаан тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэх аж.  Төсвийн хөрөнгө оруулалтаар МСҮТ, цэцэрлэгийн барилга, гурван км хатуу хучилттай зам барихаар болжээ.  Уулзалтын үеэр зарим төлөөлөгч Тосонцэнгэл сумыг хот эсвэл тосгон болгон өргөтгөх бололцоотой эсэхийг асууж байв.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол аймгийн хөгжлийн нэгдсэн концепцитэй болох шаардлагатайг хэлж, бүсийн нэмэгдлийн асуудлаар байр сууриа илэрхийллээ. Бүсийн нэмэгдлийн талаар МАН-ын гишүүдийн өргөн барьсан хуулийн төслийг өнөө хүртэл хэлэлцэхгүй байгаа юм. Тиймээс эрх баригч намын гишүүдтэй хамтран хуулийн төсөл боловсруулж хэлэлцүүлэхээр болсон байна.

Бүсийн нэмэгдлийг зөвхөн төрийн албан хаагчдад зориулах хэлбэрээр бус алслагдсан аймгуудын нийт иргэдийг хамрах байдлаар хуулийн төсөл боловсруулахаар судалж байгаа аж. Алслагдсан аймагт гол нэрийн бүтээгдэхүүний болон шатахууны үнийн зөрүүг төрөөс олгох, бизнес эрхлэгчдийг зээлийн бодлогоор дэмжих, төрийн албан хаагчдын цалин хөлсөнд бүсийн нэмэгдлийг нэмж олгох гэх мэтчилэн асуудлыг цогц байдлаар шийдэх боломжтой гэлээ.

Түүнчлэн босоо удирдлагын тогтолцоог өөрчлөх, Засаг даргад харьяа байгууллагынхаа удирдлагуудыг томилох, чөлөөлөх эрх мэдлийг олгох ёстой гэсэн төлөөлөгчдийн саналыг дэмжиж буйгаа Д.Оюунхорол гишүүн илэрхийлсэн байна.