Иргэдийн худалдан авах чадвар 30-40 хувиар буурсан байна
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ
2015.09.28

Иргэдийн худалдан авах чадвар 30-40 хувиар буурсан байна

МАН-аас Монгол орон даяар “Бид хамтдаа” аян өрнүүлж буй. Энэ аян Хэнтий аймагт  үргэлжилж, УИХ-ын гишүүд болон албаны хүмүүс тус аймагт хоёр хоног ажиллав.

Аяны үеэр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат “Нийгэмд маш их бухимдал байгаа нь орон нутгийн иргэдийн уулзалтаас мэдрэгдэж байна. Иргэд, сонгогчид үнийн өсөлтийг зогсоож цалин тэтгэвэр нэмэх, ахмадын тэтгэврийн зээлийн хүүг бууруулах хүсэлт тавьж байна. Иргэд Өршөөлийн хуулийг нэлээд шүүмжилж, авлига албан тушаалын хэргийг өршөөж болохгүй гэж захиж байна.

Үүнээс гадна Сонгуулийн тухай хуулийг өөрчлөх  санал тавьдаг. Ингээд сонгуулийн саналыг хар хайрцагнаас гадна гараар тоолдог болох хэрэгтэй гэсэн. Цөөнгүй иргэд УИХ тарах ёстой гэсэн байр суурь илэрхийллээ. УИХ-ын намрын чуулган эхлэхээр МАН иргэд сонгогчдынхоо захиас даалгаварыг биелүүлэхийн төлөө ажиллах болно” гэлээ. 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Бид хамтдаа” аяны хүрээнд  Дэлгэрхаан, Хэрлэнбаянулаан тосгонд ажиллалаа. Тэрээр аймгийн төвийн иргэдтэй уулзаж “Бид хамтдаа” аяныг эхлүүлсний дараа “Хурх” зах “Наран плаза” дэргүүрээр орж лангуу түрээслэгч нартай уулзав. Лангуу түрээслэгчид орлого буурсан, банкны зээл төлөхөд хүндрэл учирч буй болон оюутны сургалтын төлбөр нэмэгдсэн зэрэг бэрхшээлтэй асуудлаа УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэд уламжилж байлаа.

Тухайлбал, Хурх захын лангуу түрээслэгч Л.Нэргүй “Ачийнхаа сургал­тын төлбөрийг төлдөг. Гэтэл сургалтын төлбөр жилээс жилд нэмэгдэж байгаа. Иймд нэг төгрөг ч гэсэн олохын тулд ингээд сууж байна. Орлого  муудлаа. Өдөрт 20-30 мянган төгрөгийн орлого орж байна. Урд нь 60-70 орчим мянган төгрөгийн орлого өдөрт ордог байсан. Одоо ХААН банкны зээлтэй. Орлого гайгүй үед банкны найдвартай зээлдэгч гэж өргөмжлөл авдаг байв. Гэтэл одоо найдваргүй төлөгч гэсэн өргөмжлөл авах гээд байх шиг. Сарын түрээс 68 мянган төгрөг” хэмээж байв.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ тус аяны хүрээнд хийсэн ажлынхаа талаар  “Энэ аяны хүрээнд өрх бүрт захидал илгээсэн.  Тэгээд иргэд сонгогчдын саналыг авч буй юм. Иргэдийн өгсөн саналд тулгуурлан 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрөө боловсруулна. Иргэд идэвхтэй оролцож санал бодлоо илэрхийлж байна. Олон чухал санал дэвшүүлж байгаа. Энэ жил зун оройтсон тул малын тарга хүч муу байгаа юм. Мал өөхөн таргатай махан тарга авч чадаагүй хүндрэл бий.

Малчдын бүтээ­сэн баялаг мал, махыг үнэ өртгийг нь бууруулахгүй борлуулах асуудал байгаа юм.

Ийм учраас  аймаг орон нутгийн өвөлжилтийн бэлтгэлтэй танилцаж малчид­тай уулзлаа. Малчдын бүтээ­сэн баялаг мал, махыг үнэ өртгийг нь бууруулахгүй борлуулах асуудал байгаа юм. Тухайлбал, Дэлгэрхаан сумын  иргэн Бүргэд гуайн хадлангийн талбайгаар орлоо. Тэрээр Хэрлэнбаянулааны тэжээлийн аж ахуй гэж байхаас эхлэн ажилласан хүн. Тэгээд  сумынхаа малчдын хэрэгцээг хангаад зогсохгүй хөрш зэргэлдээ сумын малчдыг өвсөөр хангаж байна. Бүргэд гуйан хадсан өвсийг нуруулдах боломж олгохгүйгээр өдөрт нь 500, 1000 боодлоор нь худалдан авч байна. Гэвч цас их орж цаг хүндэрвэл амаргүй.

Иймд Засгийн газар нэгдсэн тодорхой бодлого арга хэмжээ хэрэгжүүлэх шаардлагатай байгаа. Би Засгийн газарт УИХ-ын гишүүний бүрэн эрхийн дагуу мал махны талаар асуулга тавьсан. Төлөг өнөөдөр 40  мянган төгрөгийн үнэтэй байна. Урд нь 70-80 мянган төгрөгийн үнэ хүрч байсан. Нас гүйцсэн эр хонь 100 мянган төгрөг хүрэхтэй үгүйтэй боллоо.  Адуу 400 орчим мянга хүрч чадахгүй шахуу болж. Ийм хүнд нөхцөлд төр засгийн зүгээс шуурхай арга хэмжээ авахгүй бол хүнд нөхцөл байдал үүсч мэдэхээр байгаа юм.

Тэгээд долдугаар сарын 10-нд УИХ-ын чуулган завсарлахаас өмнө авч хэлэлцэнэ гэсэн. Гэвч харамсалтай нь хэлэлцэж чадаагүй. Ингээд хоёр хоногийн өмнө Засгийн газар, Хөдөө аж ахуйн яаманд мал мах бэлтгэхтэй холбоотой асуудлаар шаардлага хүргүүллээ. Гурав, дөрвөн жилийн өмнө 20 гаруй мянган тонн мах экспортолж байсан. Одоо бараг арав дахин буурч мянга гаруй тонн мах бэлтгэж экспортолсон  байгаа юм.

Үүнээс гадна Хэнтий аймгийн төв дээр Сумъяагийн ноос угаах үйлдвэртэй танилцлаа. Малчдын үйлдвэрт тушаасан ноосны нэг кг тутамд урамшуулал олгох болсон хэдий ч дотоодын үйлдвэрүүд ажилгүй зогсч байна. Энэ ноос угаах үйлдвэр түүхий эдээ авч чадаагүй байна. Учир нь Хятадын хөрөнгө оруулалттай компаниуд ноосыг нь авчээ. 

/NTV телевиз/

Хөдөөгийн ард иргэ­дийн амьдрал хүндхэн бол­жээ. Өнөөдөр бараа бүтээгдэ­хүүний үнэ нэмэгдсэн, бэлэн мөнгөний хомсдолд орлоо. Дээр нь төсөвт байгууллагын мөнгө хөрөнгийг Сангийн яам эргүүлэн татаж байгаа асуудал байна. Тэгээд юань, ам.долларын ханшийн өсөлт ард түмний амьдралд хүндээр тусах болсон. Иргэдийн худалдан авах чадвар 30-40 хувиар буурлаа. Энэ жил эрт үеэс анхааруулж ирсэн мичин жил болно. Цаг агаарын урьдчилсан мэдээгээр 11, 12 дугаар сард олон жилийн дунджаас хүйтэн, орох хур тундасын хэмжээ их байх нь.

Эдийн өсөлт өндөр байх үед хөдөө орон нутагт төсвийн хөрөнгө оруулалтаар 2.3 орчим их наяд төгрөгийн бүтээн байгуулалт хийж байсан. Ингээд эмнэлэг, сургууль, цэцэрлэг, төрийн үйлчилгээг иргэдэд хүргэдэг байгууллагуудын барилга барьдаг байв. Гэтэл сүүлийн гурван жилийн хугацаанд орон нутгийн бүтээн байгуулалт таг зогслоо.  Дэлгэрхаан сумын нутаг Уугийн аманд еерийн ус хуримтлуулах сан байгуулсан. Үүнд олон зуун сая төгрөг зарцуулсан ч  ямар үр дүн өгөхгүй ажил болж хоцорлоо. УИХ Орон нутгийн хөгжлийн сангийн хуулийг  2012 оны өмнө баталсан. Тэгээд Орон нутгийн хөгжлийн санд суманд 500-800, аймагт 10 тэрбум төгрөг хүргэж байгаа.

Энэ мөнгөөр хүний нүд хуурч гэрэлтүүлэг хийх,  хашаа хороо, ахмадын байр зэргийг барьж буй. Түүнээс биш улсын төсвийн хөрөнгөөр дорвитой ажил хийхгүй байна. Богино хугацаатай, өндөр хүүтэй Чингис бондын хөрөнгөөр зарим аймгийн төвд замын уулзвар засах, хэдэн км зам тавих ажил хийж буй юм. Барилгын компаниуд  малчдын бүтээсэн баялагт тулгуурлан аймгуудад  орон сууц барих болсон.  Үүний гол худалдан авагч нь малчид. Гэтэл цаг хүндэрч зун нь ган, өвөл нь зуд болчихвол орон сууцны борлуулалтгүй болох эрсдэл байгаа юм. Ард иргэдтэй уулзахад УИХ, улс төрийн намууд, төрийн бүх шатны албан хаагчдын ажлын хариуцлага, ёс зүйтэй холбоотой шүүмжлэл их гарч байна. Бид хатуу ч гэсэн ард түмний хэлж буй үгийг сонсох ёстой.  Тэгэхдээ сонсоод өнгөрөх бус эрс шинэчлэлт, өөрчлөлт хийх учиртай юм хэмээн ярилаа.