Хоригийг хүлээж авсны дараа энэ хуулийг дахин хэлэлцэх ёстой
МАН-ын дарга М.Энхболд
2015.09.05

Хоригийг хүлээж авсны дараа энэ хуулийг дахин хэлэлцэх ёстой

Ерөнхийлөгч Өршөөлд үзүүлэх тухай хуульд хэсэгчлэн хориг тавиад байгаа.

Хоригийг УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр төлөвлөөд байсан ч түр хойшлуулаад байгаа юм. Хуульд зааснаар УИХ-ын гишүүдийн гуравны нэг нь хоригийг хүлээн авсан нөхцөлд Өршөөлийн хуульд тавьсан хэсэгчилсэн хориг хэрэгжих боломжгүй болох юм. Тодруулбал, 76 гишүүнээс 26 нь хоригийг хүлээн авах кноп дарснаар Ерөнхийлөгчийн хориг хэрэгжих боломж бүрдэнэ. УИХ дахь МАН-ын бүлгийн нийт гишүүдийн тоо 26 юм.

Тиймээс энэ асуудалд тус намын дарга М.Энхболд ямар байр суурьтай байгааг тодрууллаа.

-МАН Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах уу?

-МАН-ын Удирдах зөвлөл Өршөөлийн хуульд тавьсан хоригийг хэлэлцээд хүлээж авах нь зүйтэй гэх шийдвэр гаргасан. Уг нь сүүлийн нэг жилийн хугацаанд УИХ-ын дарга “Эрүүгийн хуулийг баталсны дараа Өршөөлийн хууль гаргана. Аль нэг УИХ-ын гишүүн, УИХ дахь намын бүлгийн хүсэлтээр Өршөөлийн хуулийг санаачлан УИХ баталдаггүй, Засгийн газар оруулж ирэх ёстой” гэж ярьсан. Гэвч энэ байр сууринаасаа буцсан. Засгийн газрын өргөн мэдүүлсэн Өршөөлийн хууль танигдахын аргагүй болтлоо өөрчлөгдөж батлагдсан. Маш олон зүйлийг өршөөлд хамруулахаар болсон байна. Бид энэ асуудалд эсрэг байр суурьтай байсан. Тиймээс Өршөөлийн хуулийн эцсийн хэлэлцүүлэгийн үеэр “Засгийн газрын өргөн барьсан хуулийн төсөл өөрчлөгдсөн учраас дэмжих боломжгүй” гэх байр сууриа илэрхийлсэн.

-Тухайлбал, ямар зүйл заалтыг нь дэмжихгүй байгаа юм?

-Албан тушаал, авлигын хэрэгт холбогдсон хүмүүсийг өршөөх заалтыг дэмжих боломжгүй гэж үзсэн. Түүнээс Өршөөлийн хуулийг нийтэд нь эсэргүүцсэн зүйл огт байхгүй. Өнөөдрийн Өршөөлийн хууль УИХ-аар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсан нөхцөлд хууль үндсэндээ үйлчлэхгүй болох бэрхшээл бий. Тиймээс УИХ Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсны дараа энэ хуулийг дахин хэлэлцэх ёстой. Энэ үед авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон хэргийг өршөөлд хамруулахгүй байх, бусад хэргүүдийг өршөөлд хамруулах байдлаар цааш үргэлжлүүлж ажиллана.

-Танай намын бүлгийн 26 гишүүн бүгдээрээ хоригийг дэмжих кноп дарж чадах уу, гишүүддээ энэ талаар хэлсэн үү?
 

-Бид энэ асуудлыг олон талаас нь ярилцаж байж, намын Удирдах зөвлөлөөр хэлэлцэж, улс төрийн шийдвэр гаргасан. Гаргасан улс төрийн шийдвэртээ бүлгийн гишүүд бүгдээрээ санал нэгтэй дэмжиж оролцдогийг та бүхэн мэдэх байх.