Өршөөлийн хуульд тавьсан хоригийг МАН хүлээж авна
УИХ-аас батлан гаргасан Өршөөлийн тухай хуульд МУ- ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэсэгчлэн хориг тавьсан билээ.
Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг УИХ хүлээж авахгүй гэж шийдвэл хүлээж авдаггүй. Гэхдээ энэ удаа хориг хэвээр үлдэж магадгүй байна. УИХ дахь МАН-ын бүлэг энэ долоо хоногт хуралдаад Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээж авах нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан байна. Намын дарга М.Энхболд энэ асуудлаар “МАН-ын Удирдах зөвлөл Өршөөлийн хуульд тавьсан хоригийг хэлэлцээд хүлээж авах нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан. Уг нь сүүлийн нэг жилийн хугацаанд УИХ- ын дарга “Эрүүгийн хуулийг баталсны дараа Өршөөлийн хууль гаргана.
Аль нэгэн УИХ- ын гишүүн, аль нэг УИХ дахь намын бүлгийн хүсэлтээр Өршөөлийн хуулийг санаачлан УИХ баталдаггүй, Засгийн газар оруулж ирэх ёстой” гэж ярьсан. Гэвч энэ байр сууринаасаа буцсан. Засгийн газрын өргөн мэдүүлсэн Өршөөлийн хууль танигдахын аргагүй болтлоо өөрчлөгдөн, батлагдсан. Маш олон зүйлийг өршөөлд хамруулахаар болсон. Бид энэ асуудалд байр суурь эсрэг байсан. Тийм учраас Өршөөлийн хуулийн эцсийн хэлэлцүүлэг дээр “Засгийн газрын өргөн барьсан хуулийн төсөл өөрчлөгдсөн учраас дэмжих боломжгүй" гэдэг байр суурь барьсан. Гол нь, албан тушаал, авлигын хэрэгт холбогдсон хүмүүсийг өршөөх заалтыг дэмжих боломжгүй гэж үзсэн. Түүнээс Өршөөлийн хуулийг нийтэд нь эсэргүүцсэн зүйл огт байхгүй” хэмээн байр сууриа илэрхийлсэн байна.