76:26 буюу Л.Гантөмөр
Энэ удаагийн “76:?” буландаа УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрийг онцолж байна. Тэрбээр 2012 оны сонгуулиар Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргээс сонгогдсон билээ.
Улмаар “Шинэчлэлийн” тодотголтой Засгийн газар байгуулагдахад Боловсролын сайдын албыг хаших болсон юм. Дараа нь “Шийдлийн” тодотголтой Засгийн газар байгуулагдахад албандаа үлдсэн цөөн сайдын нэг юм.
- АМЛАЛТ
Л.Гантөмөр сайд хувийн мөрийн хөтөлбөр боловсруулаад, Сүхбаатар дүүрэгт тийм ажил хийнэ, дүүргийн иргэдийг ийм сайхан амьдруулна энэ тэр гэж амлаагүй. Ерөөсөө л намын мөрийн хөтөлбөрийг барьж, сонгуульд оролцсон. Тэр дундаа тэрбээр өөрөө санаачлан намын мөрийн хөтөлбөрт тусгуулсан гурван асуудлыг түлхүү барьсан байгаа юм.
Тэрбээр энэ талаараа “Нэгдүгээрт, ирэх дөрвөн жилийг бүх шатны дарга нар, төрийн албан хаагчдыг үүрэгжүүлье гэж байгаа юм байна. Ерөнхийлөгч,УИХ-ын дарга, Ерөнхий сайдаас авахуулаад орон нутгийн шат шатны Засаг дарга нар дор бүрнээ үүрэгтэй, түүнийгээ биелүүлдэг, ямар ч асуудлаар яв цав тодорхой байх, тэгж байж эрхээ эдлэх, мөн үүргээ биелүүлээгүй бол зохих хариуцлага хүлээдэг байх жишиг тогтооё.
Тэгэхгүй бол одоогийнх шиг хаа хаанаа эрх эдэлж хаахалзсан хүмүүс, үүрэг ярихаар мөрөө хавчаад зогсож байдаг, хэнд ямар хариуцлага хүлээлгэх нь тодорхойгүй байдал хавтгайрсаар байх аваас нийгэм улам л замбараагүй болно. Хоёрдугаарт, боловсролыг чанаржуулъя, ингэхдээ хоосон уриалах биш, боловсролыг хүн бүрт, хүүхэд бүрт хүртээе, үүний тулд энэ салбарт оновчтой, тууштай бодлого боловсруулж хэрэгжүүлье.
АН-ын дэвшүүлсэн “Эрдэм боловсролтой Монгол хүн” дэд хөтөлбөрт багтсан амлалтууд түүнд хамаатай.
Монголын ирээдүйг супер-тархи байх ёстой. Ийм цөөн хүн амтай ардчилсан улс хүн бүрээ боловсролтой, тэр хэрээр хангалуун байлгах боломж Монголд бий. Үүний тулд УИХ-ын гишүүн ганцаараа дуугарч, ажиллах биш, харин бусад гишүүдтэйгээ, намтайгаа хамтарч ажиллаж байж зорьсондоо хүрч чадна. Гуравдугаарт, монголчуудаа таны хүүгийн дарамтаас ангижруулахын төлөө ажиллах аж Монгол дахь өнгө Хүүлэх системийг задлахын төлөө мэдэх чадах бүхнээ дайчилж ажиллана.
АН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт буй, өөрийн санаачилж эдгээр зүйл заалтуудыг хэрхэн хэрэгжүүлэх тухайд гол нь тархиа ажиллуулна. Энэ бүхэн биеллээ олохын цагт монгол хүн амьдарсан шиг амьдарч, улс орон маань хөгжсөн шиг хөгжинө” хэмээн ярьсан байдаг. Дээрээс АН-ын дэвшүүлсэн “Эрдэм боловсролтой Монгол хүн” дэд хөтөлбөрт багтсан амлалтууд түүнд хамаатай.
Яагаад гэвэл тэр өнгөрсөн гурван жилд Боловсролын сайдаар ажилласан. Тэгэхээр “Ур чадвар, бүтээмж, гүйцэтгэл дээр суурилсан цалин урамшууллын тогтолцоог нэвтрүүлэх замаар багшийн ажлыг шударгаар үнэлж, мэргэжлийн нэр хүнд үнэлэмжийг өсгөж, цалингаараа хангалуун амьдрах орон сууц худалдан авах боломжийг бүрдүүлнэ.
Алслагдсан аймаг сумдад багшилж байгаа багш нарын цалин урамшуулал,орон сууцны нөхцлийг сайжруулахад чиглэсэн тусгай бодлого хэрэгжүүлнэ” гэх мэт амлалтуудын биелэлтийг түүнээс шаардах нь зүй ёсны хэрэг. Түүний санаачилж, намын мөрийн хөтөлбөрт тусгуулсан дээрх гурван санал, санаачилга маш зүйтэй. Гэхдээ боловсролын салбарт ажиллачихсан учраас нөгөө хоёр амлалтаа тийм ч сайн биелүүлээгүй.
Харин боловсролын чанарыг сайжруулах чиглэлээр өгсөн амлалтууд нь тодорхой хэмжээнд биелж байгаа. Сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ, хангамж нэмэгдэхийн хэрээр боловсролын чанар нэмэгдэх учиртай. Энэ талаас нь болоод бусад чиглэлээр хангалттай олон төсөл, хөтөлбөр боловсруулж ажиллаж байгаа. Тэр бүхэн нь үр өгөөжээ өгөөд эхэлсэн. Яах вэ, өнөөдөр боловсролын салбарт тулгамдсан асуудлууд өргөс авчихсан юм шиг арилчихаагүй байгаа. Гэхдээ л Л.Гантөмөр сайд өмнөх сайдуудаас хавь илүү ажиллаж байгаа гээд дүгнэчихэд буруудаад байхгүй байх.
- АМЖИЛТ
Л.Гантөмөр сайд бол АН-аас хамгийн амжилттай ажиллаж байгаа улстөрч хэмээн судлаачид, сонгогчид тодорхойлдог юм билээ. Өнгөрсөн сонгуулиар хамгийн их өрсөлдөөнтэй тойргоос буюу Сүхбаатар дүүргээс сонгогдсон. МАН-ын шилдэг боловсон хүчин болсон залуустай өрсөлдсөн шүү дээ.
Мөн сонгогдсон даруйдаа өөрийн санал санаачилгаа тусгаж байсан Боловсролын чиглэлийг хариуцсан сайд боллоо. Энэ бол яах аргагүй амжилт. Дээрээс нь тэр боловсролын салбарт чамгүй амжилттай ажиллалаа. Энэ жил гэхэд улсын хэмжээнд хэчнээн цэцэрлэг, сургууль ашиглалтад орсон билээ. Энэ тоог бодоход л боловсролын салбарын бодлогыг зангидаж ажиллаж байгаа яам чадах чинээгээрээ сайн ажилласныг гэрчилнэ.
Монгол III сургуулийн шинэ барилга ямархуу өнгө үзэмтэй, загвар хийцтэй байна. Улаанбаатарт байхгүй л шинэ байртай боллоо шүү дээ. Төрөөс өгөх хөрөнгө оруулалт нь зогсчихсон байхад барилгын ажил гүйцэтгэж байгаа компанитай ярилцаад, асуудлыг шийдвэрлээд, ашиглалтад оруулчихлаа. Энэ бол том амжилт. Дээрээс нь тэрбээр бүрэн эрхийнхээ хугацаанд хүүхдүүдийг 100 хувь цэцэрлэгээр хангахын төлөө ажиллана гэдгээ илэрхийлсэн.
Тиймдээ ч чамгүй олон цэцэрлэгийг ашиглалтад оруулах талаас идэвхтэй ажилласан. Энэ жил гэхэд өмнөх онуудад байгаагүй олон цэцэрлэг ашиглалтад орж байгаа. Дээрээс нь Л.Гантөмөр Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг анхлан санаачилж, дэмжиж, батлуулахад гол үүрэгтэй оролцсон. Сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадахгүй гэртээ сууж байгаа олон хүүхэд цэцэлэгт явах боломж бүрдэж эхэлж байна. Энэ бол том амжилт.
Одоо хамгийн өндөр оноо авсан, сурлага сайтай, мундаг хүүхдүүд багшийн сургуульд орж байна.
Дээрээс нь “Багшийн хөгжил хөтөлбөр”, “Авьяас” хөтөлбөр гээд багш болоод, сурагчдад хэрэгтэй хөтөлбөрүүдийг хэрэгжүүллээ. “Багшийн хөгжил хөтөлбөр”-ийн хүрээнд маш олон багш өсч хөгжиж, сургалтад хамрагдаж, мэдлэг чадвараа дээшлүүлж байгаа. Ядахын мууд л хуучин Багшийн их сургуульд хэн дуртай нь ордог байсан цаг ард хоцорсон. Одоо хамгийн өндөр оноо авсан, сурлага сайтай, мундаг хүүхдүүд багшийн сургуульд орж байна. Энэ чанартай, чадвартай багш бэлтгэгдэж гарах нөхцлийг бүрдүүлж өглөө.
Энэ мэтээр боловсролын салбарт өрнөж байгаа сайн сайхан зүйлсийг дурьдаад байвал барагдахгүй. Энэ бол Л.Гантөмөр сайдын ажлаа сайн хийж, яамаа сайн удирдсаных. Тийм учраас амжилттай ажиллаж байгаа гэж дүгнэх гээд байна. Харин жил бүрийн намар эцэг, эхчүүд хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлэх гэж дугаарладаг, сугалаа сугалдаг байдлыг халах талаас нь илүү сайн ажиллаасай гэж хүсэх байна. Бүрэн эрхийнхээ хугацаанд хүүхдүүдийг 100 хувь цэцэрлэгээр хангахын төлөө ажиллана гэсэн зорилтоо мартав аа гэж захих гээд байна л даа.
- АЛДАА
- ТЭНЭГЛЭЛ
Л.Гантөмөр сайд ноцтой алдаа гаргаад, тэнэг үйлдэл хийгээд явдаг улстөрч биш. Зарим улстөрчид сонгууль дөхөхөөр автобусанд сууж, цэцэрлэгт ажиллаж, хана угааж, цас арилгаад сүйд болж байх жишээтэй. Харин түүнд ийм явахгүй пиар хийгээд байх шаардлага ч байхгүй. Тэртээ, тэргүй хүлээн зөвшөөрөгдсөн улстөрч гэж болно. Тийм болохоор өөрт ногдсон, хийх ёстой ажлаа сайн хийхийн төлөө зүтгэж яваа.
Тэр хийх ажлаа хэлчихдэг. Би өөрт оногдсон дөрвөн жилийн хугацаандаа тийм зүйл хиймээр байна, ийм ажил хэрэгжүүлнэ гээд ярьчихна. Хийсэн зүйлээ ч хангалттай яриад, сурталчилаад, өөрийгөө ямархуу ажиллаж байгааг ард түмэнд ойлгуулчихна. Намынхантай хагаралдаад, энээ тэрээ болоод байдаггүй. Хаана, ямар үг хэлэх вэ гэдгээ сайн мэддэг улстөрч гэж хүмүүс түүнийг үнэлдэг юм билээ. Яах вэ, ухаад байвал амны алдаа хийгээд хэлчихсэн үг, ярилцлага байгаа л байх. Гэхдээ л ерөнхий ноён нурууг нь харах юм бол түүнд алдаатай хийсэн юм алга. Салбартаа аль болох сайн ажиллах гээд л зүтгэж яваа сайд хүн.
- ИРЭЭДҮЙ
2016 оны сонгуулийн уур амьсгал аль хэдийн ороод эхэлсэн. Намууд хэнийг, хаана өрсөлдүүлэх вэ гэдэг дээр яриагаа хийгээд эхэлсэн сурагтай. Тэгвэл Л.Гантөмөр сайдын ирээдүй тийм ч хар биш гэдгийг олон хүн ярьж байна. Тэрбээр өнгөрсөн сонгуулиар Сүхбаатар дүүрэгт өрсөлдөж, олонхийн итгэлийг авч, сонгогдсон. Тийм болохоор 2016 онд тойрогт биш жагсаалтад багтах болов уу. Учир нь өнгөрсөн сонгуулиар жагсаалтад багтаж, парламентийн суудалд суусан гишүүд энэ удаад тойрогт өрсөлдөх учиртай шүү дээ. Сонгуулийн хууль тэс өөр болчихгүй л бол.
Тиймээс тэрбээр жагсаалтын нэлээд дээгүүр бичигдэж орж ирэх боломжтой болов уу. Магадгүй олны итгэлийг хүлээсэн, шилдэг улстөрчөө АН тойрог руу илгээж, өрсөлдүүлж ч болох юм. Тэгсэн ч Л.Гантөмөр гишүүн аль ч тойргоос сонгогдоод гараад ирчих боломжтой. Түүнийг олон хүн дараагийн Ерөнхий сайд болох магадлалтай хүн гэж ярих юм билээ. Магадгүй ирэх сонгуулиар АН олонх болж чадаад, Засгийн газраа бүрдүүлбэл Ерөнхий сайдын суудалд суухыг үгүйсгэх аргагүй.