"Бид шинэ үеийн хүүхдүүд" чуулганы төлөөлөгчдийн уриалга
2015.09.14

"Бид шинэ үеийн хүүхдүүд" чуулганы төлөөлөгчдийн уриалга

Монгол улсад хүүхдийн хөдөлгөөн, байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойн хүрээнд Хүүхдийн төлөө үндэсний газар “Хүүхдийн оролцоог дэмжих стратеги”-ийн хэрэгжилтийн хүрээнд Хүүхдийн хөгжлийг дэмжих, хөгжлийн орчинг бүрдүүлэх, хүүхэд хамгаалалд хамтын оролцоог хангах, хүүхдэд ээлтэй засаглалыг хөгжүүлэх зорилгоор “Бид шинэ үеийн хүүхдүүд” үндэсний чуулганыг 2015 оны 05 дугаар сарын 30-наас 06 дугаар сарын 02-ны өдрүүдэд зохион байгуулж, 21 аймаг, 9 дүүргийн 380 гаруй төлөөлөгч хүүхэд оролцсон.

Чуулганы салбар хэлэлцүүлгийг хүүхдүүд хүүхдийн хөгжилд чухлаар нөлөөлдөг хувь хүн, гэр бүл, сургууль, нийгэм, олон нийт гэсэн 5 хүчин зүйлийн хүрээнд хүүхэд бүрийн тэгш оролцоог хангах зарчмыг баримтлан зохион байгуулсан. Чуулганы төлөөлөгч хүүхдүүдийн 10,000 саналыг нэгтгэж орон нутгийн онцлог, нөхцөл байдалтай уялдуулан, орон нутгийнхаа хүүхэд гэр бүлийн хэрэгцээг үндэслэн, хүүхэд, эцэг эхчүүд, төрийн байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудын хамтын оролцоо, нөөц бололцоонд тулгуурлан дараах 4 хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэхээр боллоо. 
1. Өсвөрийн эко элч аян
2. Өсвөрийн манлайлагч
3. Өсвөрийн сургагч багш 
4. Өсвөрийн сайн дурын ажилтан

БИД ШИНЭ ҮЕИЙН ХҮҮХДҮҮД ҮНДЭСНИЙ ЧУУЛГАНЫ ТӨЛӨӨЛӨГЧИД БИД
ҮЕ ТЭНГИЙН НАЙЗ НАРТАА ХАНДАН ДАРААХ УРИАЛГЫГ ГАРГАЖ БАЙНА.
Монгол эх орныхоо түүх соёл, өвөг дээдсийнхээ ёс заншлыг дээдэлдэг, байгаль орчноо хайрлан хамгаалдаг, эрүүл чийрэг, эрдэм боловсролтой, тусч шудрага хүүхэд болохын төлөө чармайн суралцъя.
Найзууддаа урмын үгийг харамгүй хайрлаж, хорт зуршлаас татгалзаж, ялгаварлахгүй, дээрэлхэхгүй, атаархахгүй, итгэл дүүрэн, бусдыг дэмжин хүсэл мөрөөдлийнхөө төлөө хамтдаа хөгжицгөөе
Дүү нараа хайрлан халамжилдаг, аав ээж, ах эгч, эмээ өвөөгийнхөө итгэлийг даасан хайртай хүү, охин нь байцгаая
Хүүхдүүд бид гэр бүлийнхэнтэйгээ хамтдаа сайн үйлсийг санаачлан хийцгээе


Чөлөөт цагаа зөв төлөвлөж, үе тэнгийнхэнтэйгээ сонирхлоороо нэгдэж, өөрийгөө хөгжүүлэх боломжоо нэмэгдүүлье
Интернет хэрэглээнийхээ цагийг хязгаарлаж, гэр бүлээрээ ширээгээ тойрон хооллож хэвшицгээе
“Гэр бүлийн өдөр” сайн туршлагыг бүх гэр бүлд хэрэгжүүлхийг дэмжицгээе
Бидний тухай шийдвэр гаргахдаа аав ээж, насанд хүрэгчид биднийг оролцуулж шийдвэрлэхийг хүсч байна.
Бүх хүүхдэд тэгш хүртээмжтэй, эрүүл аюулгүй, цэвэр цэмцгэр орчинтой, эелдэг найрсаг багш сурагчидтай, хүүхдэд ээлтэй сургуулийг хөгжүүлэхэд хүүхэд бүр идэвхитэй оролцохыг уриалж байна.

ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ҮНДЭСНИЙ ГАЗАР