Монголын азтай ажилгүйчүүд
Ер нь төрийн халамжийн бодлогыг хэт залуу үеийнхэн эсвэл тавиас дээш насныхан л шүүмжилдэг.
2015.08.31

Монголын азтай ажилгүйчүүд

Монголд насанд хүрсэн  200 мянган хүн ажил хийх сонирхолгүй байгаа ч 300 мянган ажлын байр бий гэдгийг нийтлэлч Баабар оролцсон телевизийн ярилцлагандаа хэлсэн.

Ер нь  ажил хийхэд бэлэн, ажил идэвхтэй хайж байгаа хөдөлмөрийн насны хөдөлмөрийн чадвартай бүлэг хүмүүсээр тухайн улсын ажилгүйдлийн түвшинг тодорхойлдог. Өнгөрсөн оны эхний улиралд 9.4 ихэссэн байсан ажилгүйдлийн түвшин оны дунд гэхэд 6.4 болтлоо буурсан ч жилийн төгсгөлд 7.7 болж өссөн.

Тоо 0-ээс эхэлдгийг бүү март

Хэвлэл мэдээллийн байгууллага маркетингийн менежер авна гэсэн зарыг нэг л өдөр интернэтэд байршуулахад 100 орчим ажлын зар ирсэн ч шаардлага хангах нэг ч хүн олдохгүй байгааг ажил олгогч нь бухимдалтай хэлсэн.

Ихэнх залуус ажлын ачаалал, шаардлага гэх зүйлээс няцдаг нь дээрх жишээтэй яг таарна. Гол шалтгаан нь захирлын хэлсэн ганц ширүүн үг, ажилдаа дадлагажих гэж орой хүртэл суух нь өөрийнх нь өмнөх амьдралыг тэр чигт нь баллах мэт мэдрэмж төрдөгтэй холбоотой гэж сэтгэл судлаачид хэлдэг.

Түүнчлэн ихэнх залуучууд суралцах хугацаандаа тэсвэр, хатуужил, хүнээс үг сонсохыг сураагүй нялзрай байдаг нь боловсролын систем зөвхөн мэдлэг олгох зүйл биш гэдгийг давхар хэлээд байгаа юм. Оюутан байхдаа дадлага хийх хугацаа хангалттай их биш байгаа нь үүнд нөлөөтэй. Тиймээс ажилдаа хариуцлагагүй, хайнга хандаж “наадах чинь миний дуртай ажил биш байна” гэж хэлдэг хүн нэлээд гарч ирдэг.

Манай улсыг хэт халамжийн бодлоготой гэдэг нь хүн амын талаас илүү хувь нь төрөөс мөнгө авдагтай холбоотой. 2012 оны сонгуулиар МАНАН-ууд бие биетэйгээ уралдаад их хэмжээний мөнгө амласан нь үүний нэмээс гэлтэй. Учир нь тэр жилд дотоодын эдийн засгийн өсөлт 17 хувьд хүрч дэлхий гайхсан. Түүндээ эрдсэн үү, эсвэл ард түмэн гэдэг цагаан цаасан дээр дуртайгаа бичиж тоглосон уу гэдгийг хэлж мэдэхгүй юм. Ямартай ч бэлэн мөнгө тараах хүний бэлэнчлэх сэтгэлгээг улам өөгшүүлэх нь ойлгомжтой.

Ер нь төрийн халамжийн бодлогыг хэт залуу үеийнхэн эсвэл  тавиас дээш насныхан л шүүмжилдэг. Харин зах зээлийн үед бизнес хийж нийгэмд байр сууриа олчихсон хүмүүс хэзээ ч халамжийн бодлого болон төрөөс царай алддаггүй. Юм л болвол хойд хар овоо гэдэг шиг бүх зүйлд төр буруутай гэдэг хандлагаа авч хаях нь залуучуудад хэрэгтэй.

 Гэтэл жирийн нэгэн оюутнуудын хуралд үг хэлж байгаа оюутан өөрийгөө танилцуулахдаа ямар нэг холбооны дарга, гүйцэтгэх захирал, идэвхтэн, бүр цаашлаад авсан шагналаа урсгадаг. Тэгснээ нэг л их онол ярьчихаад пээдийгээд байдаг нь тухайн насны хүнд тохирох зүйл биш. Оюутан хүн хичээлээ л хамгийн сайн хийх ёстой. Гэтэл ингэхгүй байгаа дийлэнх массыг их ярьдаг залхуучууд болгож байгаа юм.

Дайран дээр давс гэгчээр байгалийн баялгаас орж ирсэн ашгийг оюутан бүрд улиралд 210 мянгаар олгодог болчихсонтой ч холбоотой. Гэтэл оюутнуудын ихэнх нь сургалтын төлбөрөө ч өөрсдөө /зарим нь төлдөг/ төлдөггүй. Дээрээс нь суралцах хугацаандаа жирийн компанийн төлдөг татваруудаас дутахааргүй мөнгийг аав, ээжээсээ татдаг. Үнэтэй гар утас, хувцас, хичээлийн хэрэгсэл, хоол хүнс, байрны төлбөр, халаасны мөнгө гээд авах татаас нь хэдэн арваараа л урсана. Ингэж дөрвөн жил шулчихаад / муугаар хэлвэл/ ажлын талбарт гараад цалингаа голдог нь хачирхалтай.

Хэдхэн жилийн өмнө хамгийн эрэлттэй ажлын байрны жагсаалтыг гаргахад далд ба ил уурхайчин, хүнд даацын машины жолооч зэрэг ажлууд тэргүүлсэн. Тиймдээ ч ЕБДС-ийн сурагчид есдүгээр ангиа төгсөөд Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд хүнд даацын жолооч, механикчын чиглэлээр сурах нь элбэгшсэн.

Учир нь уул уурхайн компаниудын цалин өндөр, хангамж сайтай нь ингэх гол шалтгаан. Нөгөө талаас залуучуудын ихэнх нь цалин ихтэй ажлын байр руу хошуурах үзэгдэл гэм биш зан болчихож.

Зарим хүмүүс монголд ажлын байр хомс, бараг байхгүй гэдэг ч хариуцлагатай, тууштай  боловсон хүчний дутагдал байгааг ажил олгогчид хэлдэг. Эх оронд минь ажиллах хүч хамгийн эрэлттэй бөгөөд дутагдаж байгаа нь орон нутаг.

Тэр дундаа мал аж ахуй болон боловсролын салбар. Зарим сумдад аравхан сурагчтай анги зуны амралтаараа нэмж хүүхэд олж ирэхийг багш нартаа үүрэгддэг. Ер нь орон нутагт бага ангийн багшийн орон тоо их ч ирэх хүн цөөн байдаг. Ирсэн нь гурван жилийн хугацаатай гэрээгээр ирдэг учир хүүхдийн боловсролд ч муугаар гэсэн нөлөөлдөг байна.

Нөгөөтэйгүүр малын эмчийн орон тоо бий ч ирэх хүн олдоггүйг сумын удирдлагууд хэлдэг. Учир нь төгссөн нөхдүүд сум руу явахаас илүүтэйгээр хотод үлдэж махны ченж болдог нь нууцгүй хэлэхэд үнэн. Түүнчлэн өнгөрсөн оны ажилгүйдлийн түвшинг харвал улирлын чанартай өсөлт, бууралт их бий.

Өвлийн улиралд ихэссэн гарсан ажилгүйдлийн үзүүлэлт хавар, зуны цагтаа буурдаг нь барилга, газар шорооны ажилтай холбоотой. Гэхдээ ихэнх нь оюутан болон мэргэжлийн бус хүмүүс тус ажлын байранд хамаарагддаг. Сургуулиа улаан дипломтой төгссөн инженер залуу хүрз барихаас татгалзаж ажилгүйчүүдийн эгнээнд шилждэг нийтлэг зураг нийгэмд ихээр ажиглагдах болж. Ер нь цэнхэр, улаан бол зүгээр л өнгө.