Үнийн өсөлтийг эсэргүүцэж жагсана
Иргэдийн орлого огтхон ч нэмэгдээгүй байхад цахилгаан, дулаан, сургалтын төлбөр, хүнс, өргөн хэрэглээний бараа зэрэг бүр үйлчилгээний үнэ нэмэгдэж байгааг эсэргүүцэж Монгол үйлдвэрчний эвлэлийн холбоо/МҮЭХ/-ныхон жагсахаар болжээ.
Ирэх даваа гаригт/IX.14/ болох эсэргүүцлийн жагсаалын талаарх мэдээллийг МҮЭХ-ны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат, МҮЭХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Г.Адъяа, Монголын Боловсрол, шинжлэх ухааны ҮЭ-ийн холбооны дарга Ж.Батзориг тэргүүтэй албаныхан мэдээллээ.
МҮЭХ-ны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат “Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ 60 гаруй хувиар буураад байхад манай улсад бензин, тосны үнэ огт буурсангүй. Тэр ч атугай цахилгаан, дулааны үнэ өсч, сургалтын төлбөр, хүнс, өргөн хэрэглээний бараа, бүх үйлчилгээний үнэ нэмэгдэж, цалин тэтгэврийн худалдан авах чадвар хоёр дахин уналаа. Тиймээс МҮЭХ-ноос Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 2015-2016 оны гурван талт улсын хэлэлцээрийн биелэлтийг шаардаж жагсахаар шийдсэн. Төрийн үндсэн үүрэг нь иргэдийн орлогыг тогтвортой байлгах асуудал. Гэтэл одоо иргэдийн мөнгөн орлого ямар ч хамгаалалтгүй болж үнэгүйдэж байна” гэсэн юм.
Мөн хурлын үеэр МҮЭХ-ны удирдлагууд ажлын албанаасаа гаргасан судалгааг танилцуулсан юм. Судалгааны дүнг танилцуулахад,
Дундаж орлоготой дөрвөн ам бүлтэй залуу гэр бүл хүнсний бүтээгдэхүүнд 274 мянган төгрөг, ахуйн буюу ариун цэврийн хэрэглээнд 34 мянга, орон сууцанд 70 мянга, бусад зардалд/унаа, харилцаа холбоо, соёлын зардал, эрүүл мэнд/ 100 мянган төгрөг зарцуулж байна. Ингээд нийт 478 мянган төгрөг сард зарцуулж байсан. Гэтэл сүүлийн нэг жилийн хугацаанд үнийн өсөлтөөс шалтгаалан орон сууц, хувцас, хүнс болох наад захын хэрэглээний төлбөрт нийт 44 мянган төгрөг нэмж боддогддог болсон. Эндээс үзэхэд сүүлийн нэг жилийн хугацаанд амьжиргааны наад захын зардал 9,3 хувиар өсчээ. Гэтэл Үндэсний статистикийн хорооноос өрхийн зарлагыг зургаан хувиар өссөн гэж зарласан нь ташаа гэж мэдээлсэн юм.