Томоос том А үнэлгээ
УИХ-ын гишүүн Д.Сумьяабазар
2015.09.08

Томоос том А үнэлгээ

АНУ-ын Лас Вегас хотноо чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр шөнөөс албан ёсоор эхлэх билээ. Монгол, АНУ-ын цагийн зөрүү 17 цаг бөгөөд хэсгийн барилдаанууд Монголын цагаар шөнө дунд явагдаж, харин медалийн төлөөх барилдаанууд Монголд өдөр болно гэсэн мэдээлэл бий. 

Манай улсаас тус тэмцээнд эрэгтэй, эмэгтэй шигшээ баг оролцож байгаа бөгөөд нийт есөн жинд бөхчүүдээ явуулсан. Тэгвэл Монгол Улс Рио-2016 олимпийн эрхийн тэмцээнийг эх нутагтаа зохион байгуулах эрхийг авч чаджээ. 

Энэ талаар Чөлөөт бөхийн холбооны Ерөнхийлөгч, МУГТ, Их аварга Д.Дагвадорж өөрийн цахим хуудсандаа бичиж үлдээсэн байна. Тэрбээр, “Өнөөдөр дэлхийн бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоо бусад орны чөлөөт бөхийн холбооны удирдлага, тамирчид, дасгалжуулагчдын дунд “шалгалт” явууллаа. 

Дэлхийд чөлөөт бөхийн спортоор тэргүүлэгч орнуудаас сонгон шалгаруулалт явуулж Монгол Улс “Рио -2016” олимпийн эрхийн тэмцээнийг эх нутагтаа хүлээн авахаар эрхээ хүртэж өнөөдөр эцсийн “шүүлтэд” орлоо. 

Хуралд Монголын чөлөөт бөхийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Д.Сумьяабазар төлөөлөн оролцлоо. Уг хурлаар олимпийн эрхийн тэмцээнийг хүлээн авах тухайн орны танилцуулга, ахуй соёл, зан заншил, олон улсын түвшинд хэрхэн өрсөлдөж яваа, олон улсын томоохон тэмцээнийг эх нутагтаа хэдэнтээ хүлээн авсан гэх шалгуурууд багтсан юм. 

Уг хуралд орон орны чөлөөт бөхийн холбооны төлөөллүүд оролцож тайлан, танилцуулгаа ирсэн зочдод үзүүлсэн. Манай улсын хувьд Тэртээх 1964 оны Токиогийн олимпийн наадамд 1968 оны Мексикийн Мехико хотноо болсон зуны олимпийн наадмаас эхэлсэн чөлөөтийнхны амжилтыг өнөөдрийн амжилттай холбож Монгол орны зан заншил, ахуй амьдралыг тусган, олон улсын томоохон тэмцээнийг эх нутгийн дэвжээнээ хүлээн авсан үзүүлэлтүүдийг тусгалаа.

Үүнийг болон Монголын чөлөөт бөхийн холбооны хийж гүйцэтгэсэн ажил, амжилт хэтийн бодлогыг дэлхийн бөхийн төрлүүдийн нэгдсэн холбооноос үнэлж “РИО 2016” олимпийн наадмын эрхийн тэмцээнийг Монголын дэвжээнээ хүлээн авах сүүлийн шалгуурт тэнцүүлсэн юм. Томоос том А үнэлгээ” хэмээн бичиж үлдээжээ.