Монгол шатарчид дэлхийн шилдгүүдтэй тунаж үлдэв
2015.08.27

Монгол шатарчид дэлхийн шилдгүүдтэй тунаж үлдэв

Өсвөрийн шатарчдын дэлхийн олимпиад манай улсад анх удаа зохион байгуулагдаж байгаа билээ.

Дэлхийн 23 орноос 160 гаруй шатарчид оюун ухаанаараа өрсөлдөж байна. Наймдугаар сарын 19-29-ны өдрийн хооронд нийт арав өрөг тоглож шилдгүүд тодрох юм. Уг тэмцээн долоо дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж, хамгийн хүчтэй багууд шалгарч байгаа аж. Хятад, Орос, Унгар Турк, Монголын өсвөрийн шатарчдын багууд зургаан өрөг тоглоход нэг ч хожигдолгүй амжилттай оролцож байна. 

Манай улсын хувьд Өсвөрийн шатарчдын дэлхийн олимпиадад зургаан баг оролцож Завханы "9999" шатарч хүүхдүүдийн төлөөлөл болсон баг тамирчид дэлхийн шилдгүүдтэй тунаж үлдээд байна. Завханы баг тамирчид байр эзлэх магадлал өндөр байгаа ажээ.

Арван өдрийн турш зохион байгуулагдаж буй уг тэмцээнд оролцохоор ирсэн 23 орны баг тамирчдад Монгол орныг сурталчилах, таниулах ажлыг давхар зохион байгуулж байгаа юм байна. Өнгөрсөн амралтын өдрүүдээр гаднын тамирчдыг Монголын үзэсгэлэнт газар, түүх дурсгалын газраар аялуулсан ажээ. Тэмцээнд оролцохоор ирсэн гаднын баг тамирчдын хувьд өндөр сэтгэгдэлтэй байгаагаа Монголын шатрын холбоонд илэрхийлжээ. 
Дашрамд сонирхуулахад, маргааш хаалтын ажиллагаа болох бөгөөд Азийн шатрын холбооны Ерөнхийлөгч Шейх Султан Бин Халифа Ал-Нехайн өөрийн биеэр хүрэлцэн ирж оролцох юм байна.