Ираны шатарчид түрүүллээ
2015.08.29

Ираны шатарчид түрүүллээ

Өсвөрийн шатарчдын дэлхийн олимпиад манай улсад анх удаа зохион байгуулагдлаа.

Энэ сарын 19-ний өдөр “Хүннү молл” төвд эхэлсэн 16 хүртэлх насны дэлхийн олимпиад өчигдөр өндөрлөлөө. Дэлхийн 23 орны 35 багийн 160 гаруй шатарчид оюун ухаанаараа өрсөлдсөнөөс арван өргөөс найман хожил, хоёр хожигдол авсан Ираны баг тэргүүлж, Энэтхэг, ОХУ-ын баг мөнгө, хүрэл медалийг авлаа. Унгар, БНХАУ-1, Узбекстан, БНХАУ-2, Канад улсын баг IV-VIII байрыг эзэллээ. Харин зохион байгуулагч орны давуу эрхийн дагуу манай улсаас 11 баг оролцсоноос Завхан баг IX, Монгол-1 Х байрт орсон байна.

 

УИХ-ын гишүүн Я.Санжмятав

Мөн тэмцээний үеэр УИХ-ын гишүүн Я.Санжмятавын нэрэмжит “Mongolian Open” тэмцээн болсон бөгөөд их мастер Б.Гүндаваа 7,5 оноогоор түрүүлж, Н.Баттулга, Н.Төвсанаа, Э.Энхнар, М.Мөнгөнхүү нар II-V байрыг эзэлжээ. Энэхүү тэмцээнд нийт 85 тамирчин өрсөлдсөн бөгөөд БНХАУ, ОХУ, Киргизстаны шатарчид оролцсон байна.

Тус тэмцээний шагналын сан 25 сая төгрөгт багтсан бөгөөд түрүүлсэн шатарчин 6 сая, дэд байр 4, гуравдугаар байр 3 сая, IV байр 2,5 сая, V байр 2 сая төгрөгийн мөнгөн шагнал авчээ. Тэмцээний 20-р байрт орсон шатарчин 200.000 төгрөгийн мөнгөн шагнал хүртсэн байна.