“Мэдлэгт суурилсан нийгмийг бий болгохын төлөө хамтран ажиллах хэрэгтэй” гэв
БСШУ-ы сайд Л.Гантөмөр
2015.09.02

“Мэдлэгт суурилсан нийгмийг бий болгохын төлөө хамтран ажиллах хэрэгтэй” гэв

Сүхбаатар дүүргийн математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 31 дүгээр сургуулийн хичээлийн нээлтийн үйл ажиллагаанд БСШУ-ы сайд Л.Гантөмөр "Өөртөө эзэн байж, сурах арга барил эзэмшиж, боловсролын чанарын шинэчлэлийн бодлогын алсын хараа, эрхэм зорилгыг хүүхэд бүрийг өөртөө итгэлтэй, бүтээлч, шийдвэр гаргах чадвартай иргэн болгон төлөвшүүлж, мэдлэгт суурилсан нийгмийг бий болгохын төлөө хамтран ажиллах хэрэгтэй” хэмээн онцлон нийт сурагч, багш, ажилчдад хичээлийн шинэ жилийн мэнд дэвшүүлж, сурлагын өндөр амжилт хүслээ.

Тус сургуулийн захирал н.Бат-Орших хичээлийн шинэ жилийн нээлтэд гүнзгийрүүлсэн сургалттай ангийнхаа тоог нэмсэн талаар болон элсэлтийн ерөнхий шалгалтад тус сургуулийн сурагчид математикийн шалгалтдаа дээгүүр байр эзэлж хүссэн сургуулиудаа авч чадсанд баяртай байна гэж сэтгэгдлээ хуваалцсан юм. БСШУЯ-ны дэмжлэгтэйгээр сургуулийнхаа биеийн тамирын болон урлагийн заалийг бүрэн засч мөн анги танхимийн засвар болон тоног төхөөрөмжөөр хангахад туслалцаа үзүүлсэнд багш, сурагч болон өөрийн зүгээс БСШУ-ы сайдад талархал илэрхийлэв.

31 дүгээр сургууль математик хийгээд спортын тэмцээнд амжилттай оролцдог дүүргийн тэргүүний сургуулиудын нэг ажээ. 31 дүгээр сургуульд энэ жил багш солилцоогоор Солонгосоос хоёр багш ирж бага ангид хичээл зааж байна. Мөн энэ өдөр Улаанбаатар хотын даргын захирамжаар нэгдүгээр ангид элсэн орж буй 10 орчим сурагчид хичээлийн хэрэгсэл болон гарын бэлгийг гардуулах үйл ажиллагаа боллоо. Хичээлийн шинэ жилийн нээлтэд тус сургуулийн авьяаслаг бяцхан сурагчид ирсэн зочиддоо мэндчилгээ дэвшүүлэн дуу, бүжгээ сонирхуулсан бөгөөд хонх дуугарснаар 2015-2016 оны хичээлийн шинэ жил ийнхүү эхэлсэн юм.