2015.09.01

Хямралтай байгаа ч бид ирээдүйгээ өөдрөгөөр харж байна

Налайх хотын Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвийн захирал Д.Энхтуултай ярилцлаа. 

- Налайхын жижиг, дунд үйлдвэрлэгчдийн маань ашиг орлого хэр байна вэ?

Төв дээрээ борлуулалтын цэгтэй. Баяр ёслол, томоохон арга хэмжээний үеэр л гайгүй борлуулалт хийдэг. Гэхдээ цэгүүд хангалтгүй байна. Жуулчдад зориулж зуны улиралд хотоос холгүй Тэрэлж, Мэлхий хад зэрэг газруудад бүтээгдэхүүнээ борлуулдаг. Энэ жилийн хувьд  борлуулалт тааруу байлаа. Засаг даргын зүгээс Налайхад ажилладаг 40 орчим төрийн болон төрийн бус байгууллагад үйлдвэрлэгчдийнхээ бараа, бүтээгдэхүүнийг худалдаж авахыг уриалсан тусгай албан бичиг хүргүүлсэн. Одоо эхний байдлаар зарим аж ахуй нэгж, байгууллагын хөдөлмөр хамгааллын хувцасны захиалга гэрээ хийж байгаа.

Саяхан Налайхад нээгдсэн Оргил худалдааны төвд бас нэгэн цэг байгуулахаар ярилцаж байна. Жил бүр эрээн хотод болон 3 улсын үзэсгэлэн худалдаанд үйлдвэр эрхлэгчдээ байнга оролцуулан борлуулалт хийж байна.

Манай төвд үндсэн 9 бойжигч ажиллаж 20 гаруй хүнийг ажлын байраар хангадаг. Төвийн зүгээс түрээсийн хөнгөлөлт, урсгал зардал, сургалтаар хангадаг. “Өсөхөөс өөдлөн дэвжинэ” хөтөлбөрийн дагуу хоёр хүнийг дэмжээд явж байна. Тэдний нэг нь анх ирэхдээ хоёр машинтай байсан бол одоо дөрвөн машинтай болсон. Налайхын “Буян” телевизтэй хамтраад үйлдвэрлэгчдийнхээ бараа бүтээгдэхүүнийг сурталчилдаг.

Үзэсгэлэн зохион байгуулснаас гадна хороонууд дээр бичил биенес эрхлэгчдийн судалгаа хийсэн. Манай төвд нийтдээ 700 орчим хүн бүртгэлтэй байдаг. Энэ жил биечилсэн судалгааг дахин хийсэн.

Худалдан авалт доголддог нэг үндсэн шалтгаан нь улирлын чанартай үйлдвэрлэл. Судалгаанаас харахад үйлдвэрлэгчдийн 30 орчим хувь нь зогсонги байдалтай болчихсон байна.

- Налайхын хувьд үйлдвэрлэлийн аль чиглэлээр дагнах төлөвтэй байна вэ?

Үндсэндээ барилга. Тоосгоны 22 үйлдвэр, цемент 1, элс хайрганы карьерууд ажилладаг. ажилладаг. Барилгын ложистик төвийг байгуулахаар шаваа тавьчихсан. Ирэх жилээс өндөр технологийн үйлдвэрүүд оруулж ирнэ гэсэн төлөвлөгөө бий.

Гуравдугаар хорооны нутаг дэвсгэр дэх дөрөвдүгээр зөрлөг дээр 120 га газрыг барилгын үйлдвэрлэлийн район болгоно. Шохой, цемент, тоосго хийх бааз нь бидэнд бий. Үйлдвэрээсээ шууд галт тэргэнд ачаад хот руу нийлүүлнэ гэсэн үг.

Барилгаас гадна уурхай, оёдол, хүнсний үйлдвэрүүдийг хөгжүүлнэ.

Саяхан Налайх хотын статустай болсон учраас хүн ам нь нэмэгдэж зах зээл өргөжинө гэж хүлээж байгаа. Түүнээс гадна хүн амын гуравны нэг нь казах ард түмэн байдаг учраас казах үндэсний гар урлалыг цаашид хөгжүүлэх боломж бий.

- Үйлдвэрлэгчдэд олгож буй зээлийн үр өгөөж санасанд хүрч чадаж байна уу?

Үйлдвэрлэгчдийн ярьж буйгаар зээлийн үр өгөөж 50 хувьтай байгаа. Энэ жил зээл хумигдаж, худалдан авалт багассан ч бид түр зуурын хямрал гэж үзэж ирээдүйгээ өөдрөгөөр харж байгаа.