Хэмнэж чаддаг хүнийг ол
2015.08.08

Хэмнэж чаддаг хүнийг ол

Уншигч та бүхэндээ АНУ-ын нэрт маркетингийн мэргэжилтэн, судлаач, стратегийн маркетингийн зөвлөх Жеффри Жеймс Фоксын “Жижиг бизнесээр хэрхэн их мөнгө олох вэ?” номын өгүүллүүдээс орчуулан хүргэж байна. Түүний зарим номыг дэлхийн 35 хэлнээ орчуулжээ.

Хэмнэж чаддаг хүнийг ол

Бенжамин Франклин нэгэнтээ “Нэг цент хэмнэж чадвал тэр нь ашиг” гэж хэлсэн. Хэдийгээр Франклины үед нэг цент багагүй мөнгө байсан ч түүний зөвлөгөө үргэлж хэрэг болдог. Орлого зарлагаасаа илүү байвал та мөнгө олж байна гэсэн үг.

Томоохон зардлууд, нэг удаагийн зардлуудыг сайн хянах хэрэгтэй. Олон янзын нийлүүлэгчдийг харьцуулна, үнийг нь судална. Бизнес ингэж л явагддаг номтой. Гэхдээ бизнес томрохын хэрээр тэр болгон нарийвчлах боломжгүй олон зардлыг шаардана. Орлогодоо төвлөрсөн үед утасны тарифын өсөлт зэрэг өдөр тутмын зардлыг анхаарах цаг гардаггүй. Энэ зуур утасны төлбөр урьдынхаасаа өсч, харилцаа холбооны компаниуд ашиглаагүй нэмэлт үйлчилгээний төлөө төлбөр авч байгааг гэнэтхэн олж мэдээд та гайхана. Тиймээс таньд бүх зарлагыг шинжилж, төлбөр тооцоог судалж, нийлүүлэгчдийн үнийг харьцуулж, мөнгө хэмнэх арга олдог хүн хэрэгтэй.

Ялангуяа жижиг бизнес эрхэлдэг хүнд төгрөг болгоныг хэмнэж чаддаг хүн хэрэгтэй. Гэхдээ төгрөг болгон дээр нарийлдаг хүн гэж битгий бодоорой. Таньд чанартай бөгөөд хамгийн боломжийн бага үнэтэй үйлчилгээг олж чаддаг хүн хэрэгтэй. Ийм хүн буруу болон давхардсан тооцоог илрүүлж, хэтэрхий өндөр үнээр бараа, үйлчилгээ авахгүй.

Харин нарийн хүн хэрэглэгч дээр хэмнэдэг. Түүнээс болж компаний ажилчид салхинд гарахад авсан шар айраг нь хүрэлцэхгүй. Нарийн хүн хэрэглэгчийг татах, тогтоон барих ажлыг доголдуулж хэмнэдэг. Нарийн хүн салатны орцыг багасгаж “хэмнэснээр” танай рестораны үйлчлүүлэгчдийг үргээнэ. Нарийн хүн таны дэлгүүрт ирсэн худалдагчид халууцаж байсан ч агааржуулагчийг товлосон цагаас нь өмнө унтраадаг. Нэг үгээр хэлбэл тэр бизнест саад болдог.

Жинхэнэ хэмнэгч харилцаа холбооны компаниудын үнэ, сонин, сэтгүүлийн захиалгын үнэ, шуудангийн зардлууд, даатгалын төлөвлөгөө, зээлийн картын үйлчилгээний үнэ, янз бүрийн банкны зээлийн болон хадгаламжийн хүү, нийлүүлэгчдийн үнэ гээд олон зүйлийг байнга судалж хамгийн боломжит өртгийг тодорхойлдог. Энэ хялбар ажил биш. Учир нь эргэн тойронд эрэлт, нийлүүлэлт буцалж буй нөхцөлд үнэ байнга өөрчлөгддөг.

Жинхэнэ хэмнэгч итгэл олсон нийлүүлэгчийг хохироодоггүй. Итгэлтэй нийлүүлэгч бизнесийн амжилт, компаний хөгжилд маш хэрэгтэй. Зөвхөн үнийг буулгахын төлөө удаан хугацаанд харилцсан нийлүүлэгчээ сольж болохгүй. Хамгийн бага үнэ байлаа гээд хамгийн бага өөрийн өртгийг бий болгож чаддаггүй тохиолдол бий.

Жинхэнэ хэмнэгч бол нарийлагч биш, завшигч биш. Жинхэнэ хэмнэгч нийлүүлэгчдэд бага үнэ тулгадаггүй. Гэхдээ тэр олонхи худалдаачид бүтээгдэхүүнээ өөрийн өртгөөр нь бус, өөрсдөө зохиосон үнээр зардаг гэдгийг мэддэг. Тэр худалдаачидтай наймаалцахдаа “Арай аятайхан харагдахаар хийчихэж болсонгүй юу?” гэж асуудаг. Ингэснээр худалдагч үнээ буулгадаг. Тэр картын үйлчилгээ үзүүлдэг банкууд руу утасдаж үйлчилгээний жилийн хураамж, төлбөр хойшлуулсны төлөөх хураамжийг багасгаж өгөхийг гуйхад олонхи банк зөвшөөрдөг.

Жинхэнэ хэмнэгчийг урамшуулах хэрэгтэй. Жинхэнэ хэмнэгч бусад ажилчдад үлгэр дууриалал болдог. Хэрэв бүх ажилчид худалдагч, хэмнэгч болвол компани амжилтанд хүрэх нь гарцаагүй.