Борлуулалт бол номер нэг асуудал
2015.08.07

Борлуулалт бол номер нэг асуудал

Уншигч та бүхэндээ АНУ-ын нэрт маркетингийн мэргэжилтэн, судлаач, стратегийн маркетингийн зөвлөх Жеффри Жеймс Фоксын “Жижиг бизнесээр хэрхэн их мөнгө олох вэ?” номын өгүүллүүдээс орчуулан хүргэж байна. Түүний зарим номыг дэлхийн 35 хэлнээ орчуулжээ. 

“Ford Motor Car Co” компани “чанар бол нэг номерын асуудал” гэсэн уриатай. Энэ худлаа. Нэг номерын ажил бол борлуулалт. Борлуулалт бол жижиг бизнес эрхлэгчийн тархийг байнга ажиллуулах гол асуудал. Та өөрөө зарах юм уу эсвэл таны барааг зарж өгөх хэн нэгнийг олох хэрэгтэй. Борлуулалтын орлогогүй бол нэг ч алхахгүй. Энэ нь хамгийн жижиг компаниудын хувьд боломжтой хэрэглэгчид рүү хандаж, уулзаж ярилцаж, хүсэл сонирхлыг нь мэдэж авч, давуу талаа таниулж, захиалагч болгох ёстой гэсэн үг. Дэлгүүр, ресторан, зуучлалын агентлаг, эсвэл хувийн эмнэлэг гээд жижиг бизнесийн бүх хэлбэрт энэ асуудал хамаатай. Ширээний ард сууж, эсвэл лангууны дэргэд зогсон үйлчлүүлэгч ирэх болов уу гэж хүлээгээд нэмэргүй. Хэрэглэгч татахын тулд та өөрөө явж компаниа сурталчилж, зарлал нааж, утсаар ярих хэрэгтэй. Компаний эзэн компанид цаг агаар ямар байхыг өөрөө шийддэг гэдгийг санаарай.

Ширээний ард сууж, эсвэл лангууны дэргэд зогсон үйлчлүүлэгч ирэх болов уу гэж хүлээгээд нэмэргүй.

Олон бизнесмен хэрэглэгчийг татахын тулд голдуу реклам, зурагт хуудас, зарлал, ашигтай байрлал, оновчтой нэр болон бусад маркетингийн аргуудыг хэрэглэдэг. Гэхдээ реклам хангалттай хэрэглэгчийг татна гэж найдахын хэрэггүй. Реклам гэдэг бол бизнесийг өргөтгөхөд ашигладаг зөвхөн нэг хэрэгсэл. Жижиг бизнесмен болгон байнга бодлоготой, идэвхтэй, нээлттэй, зогсолтгүй, шургуу, хичээнгүй борлуулалтын ажил хийж байх ёстой. Бэлэн хувцас, чихэр, нарийн боовны дэлгүүрийн эзэн, машины тосны худалдаачин, шүдний эмч, архитектор, дууны шүлэг зохиогч, эсвэл бүр цэцэрлэгжүүлэлтийн мэргэжилтэн гээд хэн бүхэн өөрийн бизнесийн тухай байнга ярьж, сурталчилж явах хэрэгтэй.

Хэрэв хэрэглэгч өөр лүү чинь ирэхгүй бол өөрөө яваад оч. Байнга мэдээлэл цуглуулж, чиглэлээ олж, хүмүүстэй танилцаж, уулзаж учирч явах хэрэгтэй. Шантрах хэрэггүй. Та байнга санал тавьж, гэрээний нөхцлийг боловсруулж, захиалга авах ёстой. Та байнга сорилттой тулгарч тэдгээрт зохих хариуг барих ёстой.

Тиймээс чанар бол нэг номерын асуудал биш. Чанарыг худалдагч биш, хэрэглэгч тодорхойлдог. Хэрэглэгчид тохирох чанар гэдэг тоглоомын дүрэм болдог. Зохих үнэ, түүнд нийцсэн чанар нь бизнесийн гол зарчмуудын нэг. Хэрэглэгч бараа бүтээгдэхүүн сайн чанартай байхыг мэдээжийн зүйл гэж боддог учраас сурталчилгааны сүржин үгсэд анхаарал хандуулдаггүй.

Хэрэв борлуулахгүй бол бизнес унтарна. Хэрэглэгч таныг тоохгүй байна гэж гутрах хэрэггүй. Хэрэглэгчгүй байлаа гээд гараа хумхиад сууж болохгүй. Утсаа аваад даруйхан залга. Таны боломжит хэрэглэгчид, үйлчлүүлэгчид утасдахыг чинь хүлээж байгаа. Бүү хойш тавь. Яг одоо утасд, уулзалт товло.