Жижиг компаний эзэн бол гайхамшгийг бүтээгч
Хамгийн түрүүнд таньд хэрэглэгч байх хэрэгтэй
2015.08.07

Жижиг компаний эзэн бол гайхамшгийг бүтээгч

Уншигч та бүхэндээ АНУ-ын нэрт маркетингийн мэргэжилтэн, судлаач, стратегийн маркетингийн зөвлөх Жеффри Жеймс Фоксын “Жижиг бизнесээр хэрхэн их мөнгө олох вэ?” номын өгүүллүүдээс орчуулан хүргэж байна. Түүний зарим номыг дэлхийн 35 хэлнээ орчуулжээ.

8. Хамгийн түрүүнд таньд хэрэглэгч байх хэрэгтэй

Бизнес жижиг ч бай, том ч бай амжилтанд хүрэх гол нөхцөл нь хэрэглэгчтэй байх. Хэрэглэгч бизнесийн санаа, менежмент,  төлөвлөгөө, санхүү болон бусад бүх зүйлээс чухал. Энэ бол зөрчиж болохгүй, мартах хориотой номер нэг дүрэм. Хэрэглэгчтэй байна гэдэг нэг, эсвэл хэд хэдэн хүн таны бүтээгдэхүүнийг худалдаж авахад бэлэн байна гэсэн үг.

Нэгдүгээр дүрэм: хэрэглэгч олох, хоёрдугаар дүрэм: хэрэглэгчийг татах, гуравдугаар дүрэм: хэрэглэгчийг тогтоон барих.

Өөртөө хэрэглэгч байгаа эсэхийг ойлгоход тийм ч хялбар бус. “Гайхамшгийн талбар” нэртэй кинонд гол дүр нь Айова мужийн төв хэсэгт эрдэнэ шишийн талбайн голд бейсболын талбай барих гэхдээ өөрөөсөө “хэрэв би энд барьчихвал үйлчлүүлэгчид ирэх болов уу” гэж асуудаг. Таны бүтээгдэхүүний хэрэглэгчид байгаа эсэхийг мэдэхийн тулд мэргэшсэн байгууллагад хандаж болно. Эсвэл зөн совин, хар ухаандаа найдаж ч болно. Эмийн бэлдмэл үйлдвэрлэдэг хүн таргалалтаас сэргийлэх бэлдмэлийг худалдаж авах хүмүүс бий гэдгийг хэнээр ч хэлүүлэхгүй мэднэ. Шүдний ой хийдэг бол шүдэндээ хайртай хүн олон гэдэг нь ойлгомжтой.  Хүний амьдралд шийдэх маргаан мундахгүй учраас өмгөөлөгч хүнд үйлчлүүлэгчид олдоно. Хэдэн зуун жилийн түүхтэй дуудлага худалдааг онлайн хэлбэрээр явуулах хүнд ч үйлчлүүлэгчид олдоно. Гоо сайхны бүтээгдэхүүн, жигнэмэг, эсвэл шинэ жилийн чимэглэл үйлдвэрлэгчдэд хэрэглэгч олдохгүй байна гэж байхгүй. Тиймээс дараах гурван дүрмийг мартаж болохгүй:

Нэгдүгээр дүрэм: хэрэглэгч олох, хоёрдугаар дүрэм: хэрэглэгчийг татах, гуравдугаар дүрэм: хэрэглэгчийг тогтоон барих.

10. Жижиг бизнес эрхлэгч бол гайхамшгийг бүтээгч

Аливаа бизнес гурван шалтгаанаар оршин тогтнодог. Хэрэглэгчдэд асуудлыг нь шийдэж өгдөг, хэрэглэгчдэд сэтгэл ханамж өгдөг, асуудлыг нь шийдэхийн зэрэгцээ сэтгэл ханамж өгдөг.  Компани оршин тогтнох өөр шалтгаан байхгүй. Аль ч компаний ажилтан бүр шууд, эсвэл шууд бус замаар хэрэглэгчийг татах, тогтоон барих ажил хийдэг. Хэрэв та компанийхаа цорын ганц ажилтан бол таны гол ажил нь хэрэглэгчийн асуудлыг шийдэж, сэтгэл ханамж өгөх түвшинд бараа, үйлчилгээг худалдах. Компаний хувь заяа таниас 100 хувь шалтгаална.

Компаний эзэн сайн ургац хураахын тулд хур бороо дууддаг бөөтэй адил. Компаний эзэн шинэ хэрэглэгчдийг татаж, орлого авчирдаг хуучин хэрэглэгчдээ өрсөлдөгчдөө алдахгүйн төлөө зүтгэнэ. Тиймээс жижиг компаний эзэн гэдэг гайхамшгийг бүтээгч.

Хэрэв та компанийхаа цорын ганц ажилтан бол ажлынхаа 60 хувийг хэрэглэгчийг татах, тогтоон барихад зориулах ёстой. Хэрэв та 10, эсвэл 100 ажилтантай компаний ерөнхий захирал бол мөн л хөдөлмөрийнхөө 60 хувийг хэрэглэгчийг татах, тогтоон барихад зориулах хэрэгтэй. Энэ ажлыг та болон таны ажилчид бүгд хийх ёстой.

Нэг үгээр таны компанид цаг агаар ямар байхыг та л шийднэ. Та хичээхгүй бол хур орохгүй, ган болно. Бороо орж л байг, компаний касс тань чөлөө завгүй ажиллаг.