Би хэнийг ч халаагүй, бас томилоогүй
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ
2015.08.12

Би хэнийг ч халаагүй, бас томилоогүй

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнийг Хөдөлмөрийн сайдын үүрэг гүйцэтгэгчээр томилонгуут хууль зөрчин халаа сэлгээ хийж эхэллээ гэсэн мэдээлэл гарсан. Тодруулбал, тэрбээр Хөдөлмөр эрхлэптийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн төвийн дарга Г.Билэгсайхан, Хөдөлмөр эрүүл мэнд судлалын төвийн дарга Д.Очирбат нарыг хууль бусаар халсан гэнэ. Энэ тухай болон УИХ- ын ээлжит бус чуулганы талаарх түүний байр суурийг сонссон юм.

-Таныг Хөдөлмөрийн сайдын үүрэг гүйцэтгэгч болмогцоо хууль бус халаа сэлгээ хийлээ гэсэн мэдээлэл тарлаа. Танд халаа сэлгээ хийх эрх зүйн үндэс бий юү?

-Би хуулиа мэднэ. Ямар эрх үүрэг хүлээж, ажиллаж буйгаа маш сайн ойлгож байна. Төрийн албаны ажил нэг өдөр ч тасарч, самгардах ёсгүй. Би нэг өдөр ч байна уу, долоо хоног ч байна уу, тодорхой хугацаанд Хөдөлмөрийн сайдын үүргийг гүйцэтгэнэ. Хүлээсэн чиг үүргийнхээ дагуу үйл ажиллагаа явуулах эрхтэй. Нэгэнт үүрэг гүйцэтгэж байгаа бол Хөдөлмөрийн сайдын эрх хэмжээнд л ажиллана. Хөдөлмөрийн сайдын үүрэг гүйцэтгэгч болоод би хэн нэгэн хүнийг ажлаас халаагүй, томилоогүй. Хууль бусаар ажлаасаа халагдсан гэсэн гомдолтой, бүтэн жил орчим шүүхээр явж байгаа 16 хүнтэй холбогдох, түрүүчийн сайдын хууль бус байх үндэслэлтэй тушаалыг хүчингүй болгосон.

Тушаал хүчингүй болсноор хэн нэгэн хүн халагдаад хохирох үндэслэлгүй. Магадгүй 16 хүний оронд томилогдон ажиллаж байсан хүмүүс шүүхийн маргаан үүсгэх боломжтой. Мөн сонгон шалгаруулалтыг хууль бус явуулсан гэсэн үндэслэл бий. Маш олон өргөдөл гомдол ирээд байна. Тиймээс Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэнд сонгон шалгаруулалтыг хуулийн хүрээнд явуулж, асуудлыг шударгаар шийдвэрлэх чиглэл өглөө. Халаад, солиод, өөрчлөөд байгаа юм алга. Ний нуугүй хэлэхэд, өмнөх сайд 21 аймаг, есөн дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргыг сольсон. Тэднээс 16 нь шүүхээр заргалдсан. Тэдгээр 16 хүнийг ажлаас халсан тушаалыг хүчингүй болгочихоор хуучин ажлаа хийгээд явна. Надад хэн нэгнийг солиод өөрчлөөд байх шаардлага байхгүй.

-АН зургаан сайдыг нөхөж томилох асуудалд нэгдсэн байр суурьт хүрсэн үү. Фракц хоорондын зөрчлөөс шалтгаалж, хэнээр аль яамыг толгойлуулахаа шийдвэрлээгүй байна гэх юм.

-АН л фракцтай байдаг юм шиг ярих юм. Бүх нам фракцтай шүү дээ. Нарийн яривал ил тод байдаг учраас АН муу хэлүүлж байгаа юм. Үнэндээ манайхаас ч илүү фракцалдаг нам бий. Аль ч улс төрийн хүчин асуудлыг дотооддоо ярилцдаг, хэлэлцдэг, маргадаг. Айл гэр дотор ч маргах зүйл гардаг шүү дээ. Түүнийгээ шийдээд, давж гараад сайд нарын нэрийг дэвшүүлэх байх. Шийдвэрлэхэд бэрхшээлтэй хурц маргаан байхгүй.

-МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл, бие даагчдад хэдэн яам хариуцуулахаар хуваарилсан бэ?

-Одоо эцсийн үр дүн гараагүй байна. Ажлын хэсгүүд гаргаад ажиллуулж байгаа. Би ажлын хэсэгт багтаагүй учраас нарийн мэдээлэл алга

-Ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн таван хуулийн хоёрыг хэлэлцэж амжихгүй нь бололтой. Ээлжит бус чуулган дахин зарлах болов уу?

-Дахин зарлахгүй байх. Бид гол гол асуудлаа шийдвэрлэчихсэн гэж ойлгож байна. Эдийн засгийн ил тод байдаын тухай хууль энэ үед маш чухал. Зах зээлийн харилцаанд шилжих үйл явц бүрэн утгаараа дуусаагүй байна. Бизнес эрхэлж буй, өрсөлдөөн дунд явж байгаа олон байгууллага бүгд хуулийг төгс мэддэггүйгээсээ болоод алдаж байна. Ер нь алдаа гаргадаггүй хүн гэж байхгүй шүү дээ. Алдаагаа засаж залруулах, уучлах боломж олгож байгаа хэрэг. Юм бүрт хатуурхаад байвал аливаа асуудал улам буруу тийшээ явна. Зарим хэсэг нь татвар төлөөгүй хүмүүсийг өршөөлөө гэж ярьж байна.

Гэтэл зах зээлийн мөн чанарыг ойлгоогүй, хуучин социалист ойлголтоосоо салж чадаагүй хүмүүс ч олон бий. Ийм нөхцөлд алдаа гаргасан байвал засах боломжийг нь олгох хэрэгтэй. Галт зэвсгийн тухай хуулийг батлах нь зүй ёсны хэрэг. Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд ярих зүйл бол галт зэвсгийн асуудал байсан. Боломжийн хууль боловсруулаад баталчихсан гэж ойлгож байгаа. Өршөөлийн тухай хуулийг батална. Засгийн газрын зургаан сайдыг нөхөж томилох асуудал бий. Эдгээрийг ээлжит бус чуулганы хугацаанд амжуулчих байх.

-Өршөөлийн тухай хууль баталснаар Авлигатай тэмцэх газрын шалгаж байгаа 45 хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж ярьж байна. Ерөнхий сайдын зөвлөх Л.Гансүх зэрэг өндөр албан тушаал хашиж байсан хүмүүсийг аврах зорилгоор энэ хуулийг баталж байгаа юм уу?

-Аливаа хуулийг хэн нэгэнд зориулж баталдаггүй. Улс орны нийтлэг эрх ашигт нийцсэн хууль батлах ёстой. Уг хуулийг улс орны нийтлэг эрх ашигт нийцүүлж боловсруулсан. Ганц Л.Гансүх гэж хүн өршөөгдөх гэж байгаа юм шиг ярьж болохгүй. Олон мянган хүнийг өршөөнө. Амьдралдаа апдаж эндсэн олон хүүхэд, залуу, эмэгтэй бий. Манайхан аливаа нэг зүйлийг хэн нэгэнд тохох дуртай. Аливаа зүйлийг муу талаас нь хардаг, үгүйсгэхийн төлөө байдаг зангаа татах хэрэгтэйг энэ дашрамд хэлье. Нийгмээ гэгээлэг талаас нь хармаар байна. Болохгүй. бүтэхгүй зүйл олон. Гэхдээ болж бүтэж байгаа нь түүнээс олон бий. Эдийн засгийн хямрал гэж ярьж байна. Эдийн засаг хүндэрсэн нь үнэн. Гэхдээ монголчуудын сэтгэлгээний хямрал илүү давамгайлаад байх шиг.