С.Эрдэнийн тушаал хууль бус
МАН-ын зургаан сайдыг огцруулах УИХ-ын чуулган дээр Хөдөлмөрийн сайдаар ажиллаж байсан С.Чинзоригийг яамандаа хууль бус томилгоо хийсэн хэмээн гишүүд нэлээн баалсан.
Тэгвэл С.Чинзоригийн “алдаа”-г үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж буй ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ “засч” эхэлжээ. Тэрбээр Ерөнхий сайдын үүрэг хавсран гүйцэтгэтгүүлэх захирамж гарсан өдөр тушаал гаргаж, Хөдөлмөрийн яаманд багагүй томилгоо хийжээ. Ингэхдээ нийслэл, дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн удирдах албатнуудыг халж, сольжээ. Түүний энэ шийдвэрийг МАН-ынхан эсэргүүцэж, Ерөнхий сайдад шаардлага хүргүүллээ. Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтоос тодруулав.
С.Эрдэнэ сайд Хөдөлмөрийн яаманд томилгоо хийжээ. Үүрэг гүйцэтгэгч өмнөх сайдын тушаал хүчингүй болгох эрх бий юу?
-Ерөнхий сайд МАН-ын зургаан сайдыг чөлөөлснийхөө дараа маш хурдан тамгыг нь хурааж авсан. Тэгээд бусад сайд нараа үүрэг гүйцэтгэгчээр томилж, ажлыг нь давхар хариуцуулсан. Үүрэг гүйцэтгэгч сайд бол шийдвэр гаргаж болно. Гэхдээ хуулийн хүрээнд шийдвэр гаргах ёстой. Өмнө нь Я.Санжмятад Хөдөлмөрийн сайдаар гурван жил ажиллахдаа яамныхаа Төрийн нарийн бичгийн даргыг хуулийн дагуу жинхлээгүйгээс болж, Монгол Улсын 21 аймаг, 9 дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс дарга нар үүрэг гүйцэтгэгчийн статустай ажиллаж байсан.
Бүх сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирлууд, яамдын ажилтнууд ч ялгаагүй. Өөрөөр хэлбэл хууль бусаар ажлаа явуулж байсан. Үүнийг С.Чинзориг сайд хуульд нийцүүлж, холбогдох албан тушаалтнуудыг томилсон. Гэтэл үүнийг АН-ынхан хууль бус томилгоо хийлээ гэж ярьсан. Уг нь хууль бус томилгоог засч, хуульд нийцүүлж, төрийн албан хаагчдыг томилсон. Гэтэл С.Эрдэнэ Хөдөлмөрийн сайдын үүрэг гүйцэтгэгчийн ажлыг авсан эхний өдрөө хууль бус тушаал гаргаж, томилгоо хийлээ.
Хөдөлмөрийн хуулинд энэ асуудлыг хэрхэн зохицуулсан байдаг вэ?
Хөдөлмөрийн тухай хуулийн 29.2-т аймаг, нийслэл, дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргыг томилохдоо тухайн шатны Засаг даргатай зөвшилцөж томилно гэж заасан байдаг. Гэтэл үүнийг зөрчиж, томилгоо хийсэн байна. Ингэхдээ төрийн албаны шалгалт өгөөд тэнцсэн, хууль ёсны албан тушаалтнуудыг чөлөөлсөн. Оронд нь томилсон хүмүүс нь дахиад үүрэг гүйцэтгэгчид болно. Тиймээс МАН-ын бүлэг Ерөнхий сайдад хандаж, Засгийн газрын гишүүнийхээ хууль бус үйлдлийг яаралтай таслан зогсоож, хүчингүй болго гэсэн шаардлага хүргүүлж байна.
-Шаардлагыг хүлээж авахгүй бол яах вэ?
Дараагийн шатны арга хэмжээг авна.