АН нэг сайдын суудал амласан ч бид татгалзсан
МАН-ын зургаан сайдын засгаас гаргаснаар өдгөө эдгээр яаманд сайд томилох асуудал үүсээд байгаа. Харин зургаан сайдын суудпаа хуваарилах гэж АН-ынхан багагүй сандралдаж байгаа сураг бий.
Өөрөөр хэлбэл, тэд өөрсдөө бүх яамаа авах сонирхолтой байгаа ч хамтарч байгаа ИЗНН болон МАХН МҮАН-ын “Шударга ёс" эвсэл, Бие даагчид гээд тэдэнд бялуугаа хуваах хүн олон бий. Өнөөдрийн байдлаар сайд нар хуваарилах асуудал яриа хэлэлцээрийн төвшинд байгаа бөгөөд эрх баригчид эхний ээлжид хамтарч ажиллах хүмүүстээ санал тавьж байгаа аж. Энэ талаар Бие даагчдын зөвлөлийн гишүүн Ц.Даваасүрэнгээс дараах зүйлийг тодрууллаа.
-МАН-ын зургаан сайдын оронд ямар хүмүүс, аль яамыг хариуцаж ажиллах вэ гэдэг таамаг ид өрнөж байна. Харин Бие даагчид Ч.Сайханбилэгийн танхимд орж ажиллах уу. Энэ талаар ямар нэгэн санал ирсэн үү?
-Бидэнд Засгийн газрын бүрэлдэхүүнд орж ажиллах саналыг АН-ын зүгээс тавьсан. Тухайлбал, “Та бүхэнд нэг сайдын суудал аваад Засгийн газарт орж ажиллаж боломж байна шүү” гэсэн. Гэхдээ бид бол Ч.Сайханбилэгийн Засгийн газарт орж, хамтарч ажиллах боломжгүй гэдэг саналаа илэрхийлсэн байгаа.
•Яагаад?
-Ч.Сайханбилэгийн Дубайд хийгээд ирсэн гэрээг бид баахан эсэргүүцчихээд засагт нь орж ажиллах боломжгүй шүү дээ. Энэ нууц гэрээний асуудал цаашдаа ч үргэлжилнэ. Бид энэ гэрээг сайжруулах ёстой гэдэг байр сууриндаа цаашдаа ч байх болно.
-Аль яамыг та бүхэнд санал болгосон бэ?
-Яг тодорхой яриагүй. “Та бүхэнд Засгийн газарт орж ажиллах бололцоо байна. Нэг яаман дээр сайдаа томилж болно шүү” л гэсэн.