Надад сайдаар ажиллах санал ирвэл хүлээж авахгүй
УИХ-ын гишүүн С.Ганбаатар
2015.08.10

Надад сайдаар ажиллах санал ирвэл хүлээж авахгүй

УИХ-ын гишүүн С.Ганбаатар өнөөдөр мэдээлэл хийж, энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх Өршөөлийн хуулийн талаар болон шинээр томилогдох сайд нарын асуудлаар байр сууриа илэрхийллээ.

 Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт болсон чуулганы нэгдсэн хуралдаанаар Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг баталсан. Энэ хуульд Авилгын эсрэг хуульд заасан зарим гэмт хэргийг өршөөх заалт орсон байсныг УИХ-ын гишүүн Х.Болорчулуун зарчмын зөрүүтэй санал гаргуулж хасуулсан. Ингэснээр ХОМ өгдөг төрийн 40 мянган албан хаагчийг өршөөлд хамруулахгүй. Тиймээс авилгал авсан төрийн албан хаагчийг хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх боломж бүрдэж байна. хэмээн С.Ганбаатар гишүүн мэдээллийнхээ эхэнд онцлон тэмдэглэв.

 Тэрбээр, "Энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар Өршөөлийн тухай хуулийг хэлэлцэнэ. Бие даагч гишүүдийн зөвлөлөөс улс төрийн болон төрийн өндөр албан тушаалтнуудад энэ хуулийг үйлчлүүлэхгүй байх заалт оруулахын төлөө ажиллана. Хулгай дээрэм хийгээд хоригдсон хүмүүсээс хохирлоо барагдуулсан хэрэгтнийг нь өршөөж болно. Харин ард түмний амьдралыг дордуулан иргэдийг хулгай, дээрэм хийж амьдралаа залгуулахаас өөр аргагүй байдалд хүргэсэн авилгалчдыг өршөөж болохгүй. Авилгал авсан хүмүүс бидний саналыг эсэргүүцэх магадлалтай. Тэгвэл АТГ-ыг татан буулгаж, Монгол Улс авилгалд “бууж өглөө” гэдгээ дэлхий нийтэд зарлах хэрэгтэй. АТГ жилд 90 тэрбум төгрөгийн төсөвтэй. Энэ мөнгөөр Монгол Улсад 90 цэцэрлэг барих хэрэгтэй” гэлээ.

 Мэдээллийн дараа сэтгүүлчид сонирхосон асуултандаа хариулт авлаа.

 -Таныг "ХҮН" намд гишүүнээр элсэн гэсэн мэдээлэл гарсан?

 -Би УИХ-ын гишүүнийхээ хувьд бүх намтай нягт хамтран ажиллахыг хичээдэг. Тэднийг мэдээ, мэдээллээр хангахын тулд ажиллаж ирсэн. Цаашдаа ч энэ журмаараа ажиллана.

 -Бие даагчдын зөвлөлд Засгийн газарт орох санал ирсэн үү?

 Одоогоор бидэнд санал ирээгүй байна.

Бие даагчдад Хөдөлмөрийн яам эсхүл Сангийн яамыг хариуцуулна гэсэн таамаг гарсан. Энэ талаар?

 Ерөнхийлөгч, Ерөнхий сайд. УИХ-ын дарга бол улс төрч байж болно. Харин сайдын албыг тухайн салбарт олон жил ажилласан, мэдлэг, чадвартай, “давхар дээлгүй” хүнээр удирдуулах нь зөв.Тиймээс надад сайдаар ажиллах санал ирвэл би хүлээж авахгүй. Харин тухайн салбарын шилдэг мэргэжилтнийг энэхүү боломжийг олгохын төлөө ажиллах болно.

УИХ-ын гишүүн Г.Уянгын санаачилсан Ерөнхий сайдыг огцруулах бичигт гарын үсэг зурсан уу?

 Дубайн гэрээ зурагдсаны маргааш хэрэв Монголыг 8 тэрбум ам.долларын өрөнд оруулсан тохиолдолд Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг ярина гэдгээ би илэрхийлж байсан. Энэхүү гэрээнд гарын үсэг зурсан нь эх орноосоо урвасан хэрэг гэж үзэж байгаа.