ХОМ өгдөг төрийн 40 мянган албан хаагчийг өршөөлд хамруулахгүй
УИХ-ын гишүүн С.Ганбаатар
2015.08.10

ХОМ өгдөг төрийн 40 мянган албан хаагчийг өршөөлд хамруулахгүй

С.Ганбаатар гишүүн өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

 Тэрээр Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль болон Өршөөлийн тухай хуулийн төсөлтэй холбоотой асуудлаар бие даагчдын зөвлөлөөс гаргасан шийдвэрүүдийн талаар танилцуулав.

Бие даагч гишүүд Өршөөлийн тухай хуулийн төслийн зарим зүйл, заалт дээр анхаарал хандуулан ажиллаж байгааг тэрээр хэвлэлийн хурлын үеэр онцлов.

Эдийн засгийн ил тод байдлын тухай хуульд Авилгын эсрэг хуульд заасан зарим гэмт хэргийг өршөөх заалт орсон байсныг УИХ-ын гишүүн Х.Болорчулуун зарчмын зөрүүтэй санал гаргуулж хасуулсан. Ингэснээр ХОМ өгдөг төрийн 40 мянган албан хаагчийг өршөөлд хамруулахгүй. Тиймээс авилгал авсан төрийн албан хаагчийг хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх боломж бүрдэж байна. хэмээн С.Ганбаатар гишүүн мэдээллийнхээ эхэнд тэмдэглэв.

Тэрээр, "Энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар Өршөөлийн тухай хуулийг хэлэлцэнэ. Бие даагч гишүүдийн зөвлөлөөс улс төрийн болон төрийн өндөр албан тушаалтнуудад энэ хуулийг үйлчлүүлэхгүй байх заалт оруулахын төлөө ажиллана. Хулгай дээрэм хийгээд хоригдсон хүмүүсээс хохирлоо барагдуулсан хэрэгтнийг нь өршөөж болно. Харин ард түмний амьдралыг дордуулан иргэдийг хулгай, дээрэм хийж амьдралаа залгуулахаас өөр аргагүй байдалд хүргэсэн авилгалчдыг өршөөж болохгүй. Авилгал авсан хүмүүс бидний саналыг эсэргүүцэх магадлалтай. Тэгвэл АТГ-ыг татан буулгаж, Монгол Улс авилгалд “бууж өглөө” гэдгээ дэлхий нийтэд зарлах хэрэгтэй. АТГ жил д 90 тэрбум төгрөгийн төсөвтэй. Энэ мөнгөөр Монгол Улсад 90 цэцэрлэг барих хэрэгтэй” гэв.