Бид амаа үдүүлнэ гэж хамтраагүй
УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд
2015.08.10

Бид амаа үдүүлнэ гэж хамтраагүй

Сүүлийн өдрүүдэд улс төрийн амьдрал халуухан өрнөж байна. Долоон сарын өмнө хамтарч Засгийн газар байгуулж ихийг хийж бүтээнэ гэсэн хоёр нам салж, эрх баригчид МАН-ын сайд нарыг гэрээний хэрэгжилт хангалтгүй гэсэн үндэслэлээр огцрууллаа. Харин МАН-ын зүгээс одоо хүчтэй сөрөг хүчин болж ажиллана гэсэн мэдэгдлийг хийлээ. Тиймээс цаг үеийн нөхцөл байдал болон хоёр намын хамтарсан гэрээний хэрэгжилтийн талаар УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболдыг “Ярилцах танхим ”-даа урьж ярилцлаа.

-АН, МАН хамтарсан     Засаг байгуулахдаа хийсэн гэрээний хэрэгжилт хангалтгүй байна гээд МАН-ын сайд нарыг эрх баригчид Засгаас гаргалаа. Гэрээний хэрэгжилт үнэхээр хангалтгүй байв уу. Та бүхэн гэрээгээ дүгнэж үзсэн үү?

- Гэрээг дүгнэхдээ туйлын хариуцлагагүй хандсан. Нэг талаар хүчээр энэ гэрээг хангалтгүй байна гэж дүгнэсэн. Зүй нь энэ гэрээг хоёр талаасаа хамтарч дүгнэх ёстой байсан. Хоёр нам хамтарч дүгнэхээс гадна Засгийн газар өөрөө мөн дүгнэх ёстой байсан. Асуудал ингэж үүсээд бараг сар шахам болсон. Энэ хугацаанд Засгийн газар гэрээг дүгнэж болоогүй юм байх. Гэрээнд заагдсан асуудлуудаас хэд нь хэрэгжсэн, хэд нь хэрэгжээгүй гээд яагаад Дүгнэлт хийхгүй байгаа нь хариуцлагагүй ажилласных юм. Ард түмний өмнө бид хамтарч ажиллаад ийм юм хийе гэж байгуулсан гэрээгээ цуцлая, сайд нарыг хөөе гэж байгаа бол гэрээгээ үнэн бодитойгоор дүгнэх ёстой. Гэтэл энэ бүхнээс зайлсхийлээ. Учир нь үнэн бодитойгоор дүгнэх юм бол АН өөрсдөө гэрээгээ биелүүлээгүй гэдэг нь ил тод болох байсан учраас Гүйцэтгэх зөвлөлийнхөө хангалтгүй гэсэн үгийг урдаа барьсаар байгаад цуцаллаа.

-Гэрээг анх байгуулахдаа аль нэг тал нь дураараа цуцлахгүй гэж байсанг АН-ынхан зөрчлөө гэх тайлбарыг танай намын гишүүд хэлдэг. Гэрээг дүгнэхэд танай намаас хүн байгаагүй юм уу?

-Тийм ээ. Дангаараа цуцалсанг буруутгаж байгаа юм биш. Хамгийн гол нь гэрээг дүгнээгүй. Харин бид өөрсдөө хамтарсан гэрээг дүгнэж үзсэн. Ер нь 50 орчим хувьтай биелсэн байна. Гэхдээ биелээгүй зүйл бий. Тэр бүхэн хэнээс болж биелээгүй вэ гэдгийг бид тодорхой гаргаж байгаа. Тухайлбал, “Оюутолгой” төслийн гэрээний нөхцөлийг дордуулахгүйгээр Монголын талд оногдох үр өгөөжийг нэмэгдүүлэх, хүчин төгөлдөр хууль тогтоомжийн хүрээнд ил тод, нээлттэй зөвшилцөж шийдвэрлэхээр байсан.

Мөн Тавантолгой болон стратегийн бусад ордод ийм зарчмыг баримталж ашиглахаар гэрээнд тусгасан. Харамсалтай нь аль альд нь ахиц өөрчлөлт гарсангүй. Тавантолгойн орд газрыг ашиглах гэрээний төслийг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн. Энэ төслийг УИХ- аар хэлэлцэж, зөв зүйлийг дэмжиж, бурууг засч залруулах ёстой гэж үзэж байсан ч УИХ-ын дарга З.Энхболд түгжих, удаах, гацаах байр суурь баримталсны улмаас Засгийн газар гэрээгээ татаж авсан. Оюутолгойнгэрээний төлөвлөгөө гэгчид Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Дубайд очиж гарын үсэг зурсан. ҮАБЗ-ийн хурал дээр “Оюутолгой”-н гэрээтэй холбоотой асуудлаар Ардын намын бүлэгт танилцуулга хийхийг шаардсан ч танилцуулалгүй Дубайд очиж гарын үсэг зурсан. Гарын үсэг зурагдсанаас хойш ямар учраас энэ үйлдлийг хийв гээд зунжингаа хөөцөлдөөд олдоогүй.

-Ер нь гэрээнд ямар заалтууд байсан юм бэ. Энэ гэрээг олон түмэнд нээлттэй харуулж болох уу. Ер нь хоёр намын гэрээгээр хүлээсэн хамгийн том үүрэг юу байв?

-Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард АН-аас МАН-д засагт хамтран ажиллах урилга ирүүлснээр таван бүлэг, 20 гаруй асуудал бүхий гэрээ байгуулсан. Хоёр намын хувьд гэрээгээр хүлээсэн хамгийн том үүрэг бол эдийн засгийн асуудал байсан. Тухайлбал, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх, хөрөнгийн эх үүсвэрийг бий болгох, иргэдийн аж амьдралд нааштай өөрчлөлт гаргах, өмнө гарсан алдааг засч залруулах байв. Үүний тулд эдийн засгийг сэргээх богино хугацааны хөтөлбөр боловсруулахад анхаарлаа хандуулж МАН-ын бүлгээс дэвшүүлсэн 50 тодорхой саналыг багтаасан 70 орчим зүйл бүхий эдийн засгийг хүндрэлийг даван туулах хөтөлбөр батлагдсан.

Төрийн өмч хувьчлах тогтоолын төсөл дээр УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшингээр ахлуулсан ажлын хэсэг ажиллаж, УИХ-аас тодорхой шийдвэр гарсан. Одоо хэрэгжүүлэх ажил эхлээд явж байна. Гэрээнд дурьдсан дараагийн асуудал бол гадаад өрийн хэмжээг нэмэхгүй, өрийн удирдлага, менежментийг боловсронгуй болгох байсан. Сангийн сайд энэ асуудалд санаачилгатай ажиллаж, Өрийн удирдлагын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох хуулийн төслийг өргөн мэдүүлж батлуулсан. Хэдийгээр Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасны дагуу өрийн босго ДНБ-ий 40 хувиас хэтрэхгүй байх ёстой байсан боловч Ардын намыг засагт хамтрах үед бодит байдал дээр 58.3 хувьд хүрсэн байсан. Тийм учраас хүрсэн түвшнийг УИХ баталгаажуулж дахин өр нэмэхгүй байх зорилтыг тавьсан юм.Цаашдаа 2017, 2018 онд төлөгдөх өрийн эх үүсвэрийг бий болгох, санг бүрдүүлэх, одоо авсан өрийг зээлийн үйлчилгээний төлбөр багатай зүйлээр солих зэрэг арга хэмжээг төлөвлөж, ажлын нааштай эхлэлүүд гарч ирсэн.

-Ажил хийх гэхээр МАН-ынхан саад болоод байна. Тухайлбал, Засгийн газарт хамтарсан хэрнээ Засгаас гарч байгаа хуулиудад байнга гацаа үүсгэдэг гэх тайлбарыг эрх баригчид хэлдэг. Үнэхээр МАН сөрөг хүчний дүр эсгээд ажилд гацаа үүсгээд байв уу?

-Хэн нь ажилд гацаа үүсгээд байна вэ гэвэл өөр тайлбар хэлнэ. Өнөөдрийг хүртэл цаг хугацаа нь тулаад байгаа . чухал хуулийн        төслүүдийг АН-ынхан толгойлж байна. Тухайлбал, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн ажлын хэсгийг Н.Батбаяр гишүүн ахалж байгаа ч өнөөдрийг хүртэл УИХ-д өргөн баригдаагүй байна. Р.Бурмаа гишүүнээр ахлуулсан Сонгуулийн тухай хуулийг долоодугаар сарын 1-нд батална гэж тохиролцсон ч одоог хүртэл чимээгүй байна.

Уг хуулийн төсөлд      санал хураалтын хяналтын тооллогыг гараар хийх, сонгуулийн тогтолцооны асуудлыг шийдэх, сонгуулийн маргааныг богино хугацаанд шийдвэрлэдэг байх зэрэг асуудлыг багтаасан. Харин ч Сонгуулийн тогтолцоог ард нийтээс асуух хуулийн төслийг МАН-ын бүлгийн гишүүд      өргөн барьсан ч огт хэлэлцээгүй. Улс төрийн намын тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн С.Баярцогтоор ахлуулсан ч үүргээ биелүүлээгүй. Тэгээд одоо энэ хуулийн  төслийг Ерөнхийлөгч өргөн барихаар ажиллаж байна.

Орон нутгийн ИТХ-ын хууль ёсны шийдвэрийг Засгийн газар хүндэтгэж хүлээн зөвшөөрнө гэсэн гэрээний заалтыг АН биелүүлээгүй. Говьсүмбэр аймагт шүүхийн шийдвэрийн дагуу явуулсан хоёр удаагийн нөхөн сонгуульд МАН-ын дөрвөн нэр дэвшигч ялсан ч өнөөдрийг хүртэл ' бүрэн эрхээ хэрэгжүүлж чадаагүй. Тэгэхээр гэрээнд заагдсан ажлуудыг хэн хариуцаж байв, хэний хариуцаж байсан ажил хэрэгжээгүй вэ гэдэг нь тодорхой байна. Бид хамтрахдаа амаа үдүүлнэ гэж хамтраагүй, зөв зүйлийг нь дэмжиж, буруу зүйлийг нь засна гэсэн. УИХ- ын гишүүд хуулиар олгогдсон эрхээ УИХ-ын үйл ажиллагаанд оролцохдоо эдэлж, намын бүлэг үнэлэлт дүгнэлт өгч байсан.

-Гэрээгээ адилхан муу хэрэгжүүлсэн юм чинь үлдсэн сайд нарыг огцруулах талаар санал тавих уу. МАН сайд нараа огцруулсан юм чинь чимээгүй өнгөрөхгүй байх. Шийдлийн Засгийн газрыг огцруулахыг хөндөнө гэсэн мэдээлэл гарч байна?

-УИХ-ын гишүүн Н.Батбаяр хэвлэл мэдээллийн хэрэгслээр МАН-ынхан Засгийн газрыг огцруулах гэж байгаа учир бид тогтвортой ажиллуулахын тулд дотроосоо сайд нараа томилох гэж байгаа гэсэн утгатай зүйл ярьж байна лээ. Сүүлийн үед МАН-ын гишүүдээс Засгийн газрыг огцруулах талаар ярьсан хэлсэн зүйл нэг ч байхгүй. Манай бүлгийн даргын хэлсэн дүгнэлтэд бид энэ Засгийн газрыг цааш нь зөв зүйл дээр нь ташуур өгч, буруу зүйл дээр нь хазаар болж ажиллана гэж хэлсэн.

Дараагийн томилогдох сайд нараа хурдан оруулж ир гэдгийг манай намынхан хэлж байгаа. Дараагийн сайд нарыг томилоход бид хамт томилж өгнө. Харин сайн ажиллах хүмүүс орж ирээсэй гэж хүсч байна. Ер нь УИХ-ын гишүүн давхар дээл өмсөх гэж байгаа бол анхнаасаа сайд болмоор байна, давхар дээл өмсмөөр байна гэж хэлэхэд болно биз дээ. Гэтэл огт юм яриагүй байгаа МАН-ыг тэгэх гээд байна, ингэх гээд байна гэж хэлээд өөрсдийнхөө хүсэл зорилгыг биелүүлж байгаа нь үнэхээр увайгүй үйлдэл.

-Та бүхэн хээээ нэгэн цагт Засгийн газраас хөөгдөнө гэдгээ мэдэж байсан гэж олон хүн хэлдэг. Үнэхээр мэдэж байсан юм бол анхнаасаа хамтрах хэрэг байсан юм уу?

-Аливаа асуудлыг шийдвэрлэхэд улс төрийн намууд байтугай айл өрхөд ч санал зөрөх болон асуудалд янз бүр хандах нь байдаг шүү дээ. Тэр тусмаа манай намын гишүүдэд санал бодол, байр сууриа илэрхийлэх чөлөөтэй. Энэ бүгдийг тал талаас нь ярьж, тооцоо судалгаа хийсний дараа шийдвэр гаргасан. Хамгийн гол нь эдийн засгийн уналтыг зогсоож, ард түмний амьдралыг бага ч гэсэн дээшлүүлэхийн тулд Ч.Сайханбилэг сайдын гуйгаад байгааг анхаарч, хамтарч ажиллаж дэм тус больё гээд Засагт орохоор болсон. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг бидэнд бичсэн захидалдаа, “Та бүхний туршлага бидэнд маш их хэрэгтэй байна” гэж бичсэн байсан. Тиймээс энэ талаар намын бага хурлаас Засгийн газарт хамтрах шийдвэр гаргасныг гишүүд санал нэгдсэн.

-Эдийн засгийн ил тод байдлын хуулийг олигархиудад зориулсан хууль хэмээж танай намыя зүгээс дэмжихгүй гэдгээ илэрхийлж байсан. Гэсэн хэдий ч энэ хууль батлагдчихлаа шүү дээ?

-Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төслийг Засгийн газар татаж аваад хоёр талаасаа ажлын хэсэг гаргаж боловсруулна гэж гэрээнд заасан. Гэтэл Ерөнхий сайд зөвшилцлийн баримт бичигт туссан заалтыг зөрчиж шууд УИХ-д өргөн барьсан. МАН хувийн хэвшил.

үйлдвэрлэл, үйлчилгээгээ өргөтгөхийг дэмжиж байгаа. Гагцхүү хөрөнгө орлогоо мэдүүлдэг төрийн өндөр албан тушаалтнуудын нуусан өмч хөрөнгийг ил болгох зохицуулалтыг энэ хуулийн төслийн хүрээнд хийхийг эсэргүүцсэн.

- Ээлжит бус чуулганыг хууль бус хэмээж зарим иргэн УИХ-ын дарга З.Энхболдыг Үндсэн хуулийн Цэцэд өгсөн. Үнэхээр хууль бус чуулган хуралдав уу. Та юу гэж бодож байна вэ?

-Ээлжит бус чуулган зарласан УИХ-ын даргын захирамжийг хууль бус болсон гэдгийг иргэд төдийгүй УИХ-ын гишүүд ч хэлдэг. Тиймээс хууль бус зарласан чуулганыг МАН- ын гишүүд эсэргүүцэж чуулганы нээлтэд оролцоогүй. Энэ асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд өгч шалгуулах нь тухайн иргэдийн өөрсдийнх нь эрх.

-Танай намын сайд нарыг халаа сэлгээнээс өөр зүйл хийгээгүй. Төрийн албанд ах дүү, хамаатан саднаа оруулсан байна гэсэн. Үүнд ямар тайлбар өгөх вэ?

-Төрийн албаны зөвлөлөөс гаргасан статистик мэдээг танилцууллаа. Тухайлбал, МАН-аас томилогдсон сайд Зам тээврийн яаманд 24, Барилга, хот байгуулалтын яаманд 28, Хөдөлмөрийн яаманд 48 хүн шинээр томилогдсон байна. Тэгвэл АН-аас дахин солигдож томилогдсон сайд нартай яамдад ч халаа сэлгээ хийгджээ. Тухайлбал Г.Пүрэвсүрэн сайд Гадаад хэргийн яаманд 31, Д.Эрдэнэбат сайд Аж үйлдвэрийн яаманд 33 хүн шинээр томилсон. МАХН-ын гишүүн сайд байж байгаад энэ намаас сайд томилогдсон Эрүүл мэнд, спортын яаманд 31 хүн шинээр томилогдсон. Өнгөрсөн хугацаанд сайд нь солигдоогүй Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд хүртэл 11 хүнийг шинээр авсан. Харин Хөдөлмөрийн яамыг маш олон хүн халсан гэдэг. Үнэндээ системээрээ үүрэг гүйцэтгэгч төрийн албан хаагчтай байсан алдааг сайд С.Чинзориг залруулсан. МАН-аас томилогдож ажилласан сайд нар хууль зөрчсөн, хамаатан саднаа томилсон зүйл байхгүй. Хууль бус томилгоо хийгдсэн гэсэн шүүхийн нэг ч шийдвэр байхгүй шүү гэдгийг хэлмээр байна.