Аж ахуйн нэгжүүдийн төлбөр барагдуулах ажлыг зогсоожээ
2008 оноос хойш өнөөдрийг хүртэл улсын төсвийн байгууллагуудын захиалгаар ажил, үйлчилгээ гүйцэтгэсэн аж ахуйн нэгж, компаниудын авч чадаагүй төлбөрийг барагдуулах буюу Вексель бичих ажлыг тодорхойгүй хугацаагаар зогсоосон байна.
Энэ талаар Сангийн сайд Ж.Эрдэнэбат хэд хоногийн өмнө векселиэр санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний талаар мэдээлэл хийж, 2008-2014 оны төсвийн жилд бүрэн санхүүжигдээгүй нийт 235 төсөл, арга хэмжээг өрийн бичгээр буюу векселиэр баталгаажуулахаар Засгийн газраас шийдвэр гаргасан талаар мэдэгдэж байсан. Гэтэл энэ ажил зогсох болсон шалтгааны талаар мэдээлэл хийлээ. .
Сангийн яамнаас өнгөрсөн долдугаар сарын 29-ний өдөр нийт найман арилжааны банктай төлбөр баталгаажуулах тухай ррээг байгуулан, мөн сарын 30-ны өдрөөс эхлэн вексель бичиж эхэлсэн юм байна. Гэвч Сангийн яамнаас вексель бичихдээ тогтоолд заасан төсөл арга хэмжээний үлдэгдэл төлбөрийг салбарын яамнаас ирүүлсэн гүйцэтгэлийг үндэслэн Сангийн сайдын 2012 оны тушаалаар баталсан Санхүүжилтийн эрх нээхэд баримтлах журмын дагуу нийт 15 шалгуур үзүүлэлтийг хангасан байдлыг хянан, баталгаажуулах ажлыг хийжээ.
Ж.Эрдэнэбат :САНГИЙН ЯАМ ДАНГААРАА САНХҮҮЖИЛТ ОЛГОДОГГҮЙ
Энэ талаар Сангийн сайд Ж.Эрдэнэбатаас зарим зүйлийг тодрууллаа.
-Төсвийн байнгын хороо ямар шалтгаанаар санхүүжилтийг зогсоосон юм бол. Үүнд тайлбар хийхгүй юу?
- Нэр бүхий аж ахуйн нэгжээс гомдол ирсний дагуу дахин нягтлах болсон гэсэн. Харамсалтай нь, компаниуд талархал илэрхийлэх ёстой байтал яагаад гомдол гаргасан юм бол гэж гайхаад сууж байна. Мөнгийг нь өгье гэж байхад гомдол мэдүүлдэг компани байдаг юм байлгүй. Тиймээс өнөөдрөөс вексель бичих ажлыг зогсоолоо. Өнөөдрийн байдлаар нийт 81 аж ахуйн нэгжид 95.2 тэрбум төгрөгийн вексель бичиж, холбогдох гүйцэтгэгч компаниудад хүлээлгэн өгч, арилжааны банкуудад албан бичгээр мэдэгдлийг хүргүүлээд байсан. Гэвч УИХ-ын Төсвийн байнгын хороо векселиэр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн байдлыг шалгаж дуусах хүртэлх хугацаанд нэг ч төгрөгийн вексель мөнгөжөөгүй байгаа. Харин Сангийн яамны зүгээс Викселийг зогсоосон явдал байхгүй. Төсвийн байнгын хорооноос бүрэн эрхийнхээ хүрээнд асуудлыг шалгахаар болсон.
-Санхүүжилт олгох ёсгүй компаниудад вексель бичсэн гэж хардлага яваад байсан?
-Сангийн яам дангаараа санхүүжилт олгодоггүй. Вексель бичсэн 81 аж ахуйн нэгжийг Сангийн яам сонгосон юм шиг, Ж.Эрдэнэбат гэдэг хүн дангаараа сонгоод байгаа мэт буруу ойлголт байна. Энэ ажлыг хийхэд ЭМСЯ, БСШУЯ, БХБЯ, ХАХНАЯ зэрэг салбарын яамдаас 80 хувиас дээш ажил гүйцэтгэл хийгдсэн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт тавьж, 15 шалгуур үзүүлэлтийг хангасан тохиолдолд Виксель бичсэн. Магадгүй шаардлага хангаагүй компаниуд ийм янз бүрийн мэдээлэл тараасан байж болно. Гомдол гаргасан компанийг нээлттэй мэдэгдэх хэрэгтэй. Тэгвэл яамны зүгээс ямар шалтгаанаар хасагдсан гэдгийг ил тод хэлж өгөхөд бэлэн.
-Ямар компаниудад санхүүжилт олгож байгаа вэ?
-Ажлаа хийчихээд 3-4 жилийн хугацаанд мөнгөө авч чадаагүй. Улмаар цалин мөнгөө тавьж чадахгүй. Банкнаас авсан зээлээ төлж чадахгүй нөхцөл үүссэн компаниуд багтсан.