Чанартай буудайнд л урамшуулал олгоно
“Сайдын цаг” ээлжит уулзалтад өчигдөр ХХАА-н сайд Р.Бурмаа оролцож, ургацын төлөв байдал, цаг үеийн асуудлын талаар мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
Энэ жилийн хувьд нийт нутгаар гантай болон гандуу байна. Ургацынхаа хэдэн хувийг авах боломжтой вэ?
-Улсын хэмжээнд зуншлага алаг цоог байна. Архангай, Өвөрхангай аймгийн нутгаар зуншлага сайн, ургац хэвийн байгаа бол газар тариалангийн бүс нутаг болох Төв, Сэлэнгэ, Булган аймгууд нийт талбайн ургацынхаа 50-70 хувийг хураан авах төлөвтэй байна. Гэвч ургацын хэмжээ нэмэгдэх боломжтой. Нийт тариалангийн 2.7 хувь онц, 43.8 хувь сайн, 43.5 хувь нь дунд, 2 хувь нь муу соёолсон байна.
Зургадугаар сард нийт нутгаар хэт халалттай байсан тул тариалалтын өсөлт зогсож, ихэнх талбай бутлаагүй тул нийт ургацын 40 хувийг алдах магадлалтай байна. Дорнод, Архангай, Өвөрхангайд нийт талбай хэвийн ургацтай байгаа. Тариалалтын дийлэнхи хувийг бүрдүүлдэг Сэлэнгэ, Төв аймгийн нөхцөл байдал тааруу байгаа. Сэлэнгэ аймгийн тариаланчид нийт ургацынхаа 65 хувийг бүрэн авна. 10 хувийг нь авах болмжгүй болсон. Үлдсэн 25 хувь нь ургац хураалт эхлэх хүртэл ургах боломжтой эсэхийг харна гэсэн мэдээлэл ирүүлсэн. Харин Төв аймаг нийт тариалалтынхаа 60 хувийг авах тооцоотой байна.
Энэ жилийн хувьд хамгийн хүндхэн зусч байгаа аймаг нь Увс болон Хэнтий аймаг гэдгийг сайд онцлов. Бусад аймгийн хувьд харьцангуй гайгүй байгаа ажээ. Хэнтий аймгийнхан л гэхэд энэ жилийн ургацынхаа 70 хувийг алдахад хүрчээ. Тус аймгийн Дадал, Норовлин сумд сумдад зуншлага сайтай га-гаас 10-14 цэнтнер ургац авахаар байгаа бол Хурх, Биндэрт байдал хүнд, бараг л 80 хувийн ургац алдах шинжтэй байгааг сайд хэлж байна. Ургацын төлөв байдлын мэдээ нарийвчилсан байдлаар наймдугаар 25-нд гарна.
-Нэг хоёр аймаг сум биш улсын хэмжээнд нийт ургацынхаа 80 хувийг алдах нь гэсэн мэдэгдлийг тариаланчид хэлж байгаа. Энэ үнэний ортой юу?
- Энэ бол нийт тариаланчдын үг биш. Цөөн тооны хэдэн хүн л хэвлэлээр ингэж мэдэгдсэн. Ямар ч тооцоо судалгаа, үндэслэлгүй , хариуцлагагүй мэдэгдлээс болж зарим нэг гурилын үйлдвэрүүд үнээ нэмсэн. Гурилын үнээ кг тутамд 80-150 төгрөгөөр нэмсэн байгаа. Цаашлаад гурилан бүтээгдэхүүн, талх, боовны нэмэгдэх аюултай. Иймд тооцоо судалгаагүй, болчимгүй үгэнд итгэж дэвэргэх хэрэггүй юм.
-Ус цаг уур, орчны шинжилгээний газраас гаргадаг гаргасан урьдчилсан мэдээлэл үнэнээс хол зөрсөн гэдэгтэй санал нийлэх үү. Цаг уурынхан буруу мэдээлснээс ургац алдаж байгаа бол хариуцлага тооцох уу?
-Өнгөрсөн тав, зургадугаар сарын цаг агаарын мэдээ урьдчилсан мэдээллээс зөрсөн, үүнээс болж ажлын горим алдагдсан тал бий. Гэхдээ хэн нэгнийг буруутгаж чичлэхээсээ илүү цаашид яах вэ гэдгээ сайтар тунгаах ёстой. Цаг уурын мэдээнээс гадна ган зудын давтамж, жил сарын онцлогийг харгалзан ажлаа төлөвлөх учиртай байсан. Манай яамныхан энэ зун огт амралгүй ажиллаж байгаа. Ургацын комиссыг тусгайлан байгуулсан. Хийх ажил тун их байгаа ийм үед хариуцлага тооцохоосоо илүү хэтээ харж, ажлаа зохицуулах чухал байна.
-Газар тариалангийн салбарт техник, технологийн шинэчлэл дутмаг байгаагаас, тариаланчид өөрсдөө үйлдвэрлэлээ чанаржуулахад анхаарахгүй байгаа нь гангаас дутахгүй харанга дэлдэж байна гэх юм. Энэ тал дээрх таны бодлыг сонсъё?
-Техникийн шинэчлэлийн тухайд харьцангуй анхаардаг. Харин үлдэж хоцроод байгаа зүйл бол газрын шим тэжээл гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Сүүлийн 20 гаруй жил тариаланчид хөрсөндөө анхаарал тавиагүй. Тиймээс бид хөрс бордоход зориулаад 40 хувийн хөнгөлөлттэй үнээр бордоо олгохоор зорьж байгаа. Бид тариаангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн бариад байгаа. Энэ хуульд ч хөрс арчилгааг чухалчлан тусгасан. Тариаланчид маань төрийн өмч болох газрын үр шимээр амьдарч байгаагийнхаа хувьд бордож, тордож байх ёстой. Үр тарианы цавуулаг бага, чанар тааруу байгаа юм бол сайжруулахад анхаарах учиртай баймаар. Тиймээс хөрсний чанараа дордуулаагүй тохиолдолд газар ашиглах гэрээг хангалттай хугацаагаар сунгадаг байхаар тусгасан. 60 жил хүртэл хугацаагаар гэрээ хийнэ. Тэгснээр тариаланчид газраа, агуулахад байгаа үр тариагаа барьцаалаад зээл авах боломж бүрдэнэ.
-Тариаланчдад олгодог урамшууллын хэмжээ хэд байх вэ?
-Тариаланчдыг дэмжих гол хөшүүрэг нь улаанбуудайн урамшуулал боловч чанараас нь үл хамааран тонн тутамд урамшуулал олгож байгаа нь буруу юм. Урамшуулал их авахын тулд чанартай чанаргүйг үл тоон их хэмжээгээр тарихыг л чухалчилж байна. Тиймээс энэ жилээс эхлэн нийт тарьсан улаанбуудайнд бус чанартай, цавуулгийн шаардлага хангасан буудайнд л урамшуулал олгох бодлогыг барьж байна. Тиймээс манай салбар цаашид чанарыг чухалчилна. Судалгаа шинжилгээнд тулгуурлаж ажиллана.
-Газар тариалангийн салбарт судалгаа хийж байгаа гэсэн үг үү. Ямар дүр зураг гарч байга вэ?
-Вуны түрүүн бид улаанбуудай тариалахад гарах өртгийг судалж байгаа. ХААИС-ийн эрдэмтэд оролцож байгаа. Судалгаанаас харахад 50 хүртэлх га газарт тариалалт хийж буй аж ахуйн нэгжийн хувьд цалингийн зардал хамгийн өндөр гардаг юм байна. Мөн шатахуун, тээвэрлэлт, сэлбэг хэрэгсэл, үрийн буудайнд багагүй хөрөнгө зардаг. Тиймээс бага хэмжээний тариалалт бүхий хүмүүст шатахуун, сэлбэг хэрэгсэл, үрийн буудайны хөнгөлөлт, дэмжлэг хэрэгтэй гэсэн үг. Их хэмжээтэй буюу 600-1500 га газарт тариалалт эрхлэгчдэд өртөг зардал хямд тусдаг юм байна. 2000-аас дээш га-д тариалагчдын хувьд техник тоног төхөөрөмжийн өртөг өндөр байдаг аж. Тиймээс тус бүрийн онцлогт тохирсон бодлого явуулах ёстой.
-Мал аж ахуйн салбарт ч ган хүндээр тусч байгаа?
-Одоогийн байдлаар улсын хэмжээнд 66 сая мал зусч байгаа. Оны төгсгөлд 60 сая тоо толгой мал өвөлжих болов уу гэсэн тооцоо гарсан. Улсын хэмжээнд бэлчээрийн даац 20 сая малаар хэтэрсэн. Гантай нутгуудад бэлчээрийн даац дөрөв дахин хэтэрсэн тогтоогдсон. Сэлэнгэ, Дархан-Уул, Төв,Архангай, Өвөрхангайд малын тоо толгой хэтэрсэн. Тиймээс дээр өгүүлсэнчлэн хөдөө аж ахуйн эдэлбэр газрыг ашиглаад, ашиг шимийг нь хүртээд өнгөрөх бус оготно зурамнаас ангижруулах, бэлчээрийн ургамал тариалах зэргээр ашиг шимийг сайжруулахад анхаардаг болгоно. Малын хөлийн татварыг бэлчээр сайжруулахад зарцуулдаг болно. Хөдөө аж ахуйн эдэлбэр газар өнөөдөр эзэнгүйдсэн. Учир нь хамгаалдаг асуудал нь Байгаль орчин ногоон хөгжлийн яаманд, бүртгэл нь Хот байгуулалтад, хянадаг нь Шадар сайдад, газар олголт нь Уул уурхайн яаманд хамааралтай байх жишээтэй. Өнгөрсөн 50 жилийн хугацаанд 10 сая га газрыг хөдөө аж ахуйн эдэлбэр газраас хасч уул уурхайд шилжүүлсэн. Гэтэл сүүлийн нэг жилийн дотор 31 сая га газрыг уул уурхайд шилжүүлэх хүсэлт ирээд байна. Энэ бүхнийг зүй зохистой зохицуулах Бэлчээрийн хуулийг удахгүй өргөн барина.
-Хадлан тэжээл бэлтгэхэд хүндрэл учирч байгаагийн дээр ирэх өвөл зуд болж магад гэсэн түгшүүр байна?
-Хадлан бэлтгэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор аймгуудын Засаг даргын Тамгын газартай гэрээ байгуулж, урьдчилгаа төлбөргүйгээр бага оврын трактор хуваарилан олгож байна. Мөн 22 аж ахуйн нэгжийн техникийн шинэчлэлд нийт 7,5 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн дэмжлэг үзүүлсэн, Үүний үр дүнд 23,6 мян.га талбайг тэг элдэншүүлгийн технологиор үрлэх, 7,8 мян.га-д химийн уринш хийх, 7.5 мян.га-д сүрлэн хучлага үүсгэх боломж нэмж бүрдүүлсэн гэлээ.Гантай зусч буй Хэнтий аймгийг л гэхэд Сүхбаатар, Дорнод аймгаас хадлан бэлдүүлэхээр зохицуулсан байх жишээтэй.
Түүнчлэн малын тэжээл бэлтгэж буй аж ахуйн нэгжийг НӨАТ-аас чөлөөлж байгаа. Хивгийн экспортыг хязгаарлах бодолтой байна. Малчиддаа ноос, арьс ширний урамшуулал олгохын сацуу экспортын махыг нэмэгдүүлэх зэргээр ирэх өвлийг өнтэй давах, малчдаа дэмжих бодлогыг боловсруулсан.
-Халх голд их хэмжээний рапс тариалсан гэж нутгийн иргэд мэдээлж байгаа. Рапс бол газрын үржил шимийг алдагдуулдаг тун тааруу ургамал гэдэг. Энэ талаар яам мэдээлэлтэй байгаа юу?
-Рапсын тухайд нийт талбайн 15-аас ихгүй хувьд тарих ёстой. Ингэхдээ Монголд хүлээн зөвшөөрөгдсөн үрээр тарихыг шаарддаг. Шаардлага хангаагүй үрийг нууц далдаар оруулж ирж тарьсан тохиолдол мэр сэр гарсан. Рапсыг экспортлох зорилгоор бус дотоодын ургамлын тосны үйлдвэрт түүхий эд бэлтгэх зорилгоор, зөвхөн сэлгээнд тарьдаг.
-Улаанбуудайг импортлох уу?
- Улсын хэмжээнд төлөвлөсөн 365 мянган тонн улаан буудайнаас 230-280 орчим тонныг хураан авах болов уу гэсэн урьдчилсан таамаг гарчээ. Хүнсэнд 350 мянган тонн улаанбуудай хэрэлэхийн сацуу үрийн буудайг нөөцөлнө гэж тооцвол нийтдээ 150 мянган тонн буудай дутна. Түүнийг дотоодын нөөцөөс бүрдүүлэх боломжгүй тохиолдолд импортлохоос аргагүй. Энэхүү нөөц бэлтгэх хөрөнгийн асуудлыг ирэх даваа гаригт хуралдах Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ. Хэдий ган болж болсон хэдий ч бид энэ жил мах, гурилын үнийг тогтвортой барина.