Станцын хашаатай залгаа 10 гаруй айлыг нүүлгэхийг даалгалаа
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг
2015.07.22

Станцын хашаатай залгаа 10 гаруй айлыг нүүлгэхийг даалгалаа

Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж буй “Амгалан” дулааны станцын барилга, угсралтын ажлын гүйцэтгэл 95 хувьтай байна.

Нэг, хоёрдугаар зууханд туршилтын галлагаа хийжээ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнөөдөр тус станцын барилга угсралтын ажилтай танилцаж бүтээн байгуулалтын явц, чанарт сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.

Монгол Улсын Засгийн газраас эрчим хүчний дотоодын хэрэгцээг бүрэн хангах зорилт тавьж ажиллаж буй. Энэ хүрээнд Дулааны III  цахилгаан станцыг 50 МВт-аар өргөтгөсөн. Дулааны IV цахилгаан станцын 123 MBт-ийн турбин генераторын өргөтгөл энэ оны гуравдугаар сард сүлжээнд холбогдож хэрэглэгчдэд цахилгаан дулаан түгээж эхэлсэн.

348 MBт-ийн хүчин чадалтай “Амгалан” дулааны станцыг барьж ашиглалтад оруулахад бэлэн болж байна гэж Ерөнхий сайд хэллээ. Ингэснээр хотын төв болон зүүн хэсэгт 200 Гкал/цагийн хүчин чадал түгээж 40 мянган айл өрхөд шинээр дулаан өгч, 20 мянган айлын дулааны нөхцөл сайжрах тооцоо байгааг тэрээр дурдлаа.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тус станцын үндсэн барилга болон ус цэвэрлэх, нүүрс бутлагч, вагон буулгах төхөөрөмжийн барилгын явцтай танилцаад ашиглалтад орох хүртлэх хугацаанд тулгамдаж буй ямар асуудал байгааг Эрчим хүчний яам болон гүйцэтгэгч БНХАУ-ын “СMЕС” компани болон төслийн багийнхнаас тодруулж ярилцлаа.

Туршилтын галлагааны санхүүжилтэд шаардагдах 3,9 тэрбум төгрөгийг Засгийн газар шийдвэрлэсэн. Энэ хөрөнгийг яаралтай шилжүүлэхийг Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбатад, гаалийн түр горимын хугацааг сунгах, шинээр оруулж ирэх үнс тээвэрлэх хоёр автомашиныг гаалийн татвараас чөлөөлөхийг Гаалийн ерөнхий газрын дарга Б.Цэнгэлд, тус дулааны станцын салбар төмөр замд нүүрс тээвэрлэх сэлгээний зүтгүүр ажиллуулах асуудлыг яаралтай шийдвэрлэхийг Зам, тээврийн яам, Сангийн яам, Эрчим хүчний яамны удирдлагад тус тус үүрэг болголоо.

Мөн станцын шууд үйл ажиллагаанд саад болох айл өрх байхгүй ч цахилгаан, дулааны ашиглалтын шугам болон станцын хашаатай залгаа 10 гаруй айлыг нүүлгэн, газар чөлөөлөхийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлд даалгалаа.

Эдгээр үүрэг даалгаврыг шуурхай гүйцэтгэж, улаанбаатарчуудын тав тухтай өвөлжих бэлтгэл ажлыг эрчимжүүлэх шаардлагатайг Ерөнхий сайд онцолж байлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.