Р.Бурмаа сайдын урилгаар элчин сайдууд ХХААЯ-ны галаар зочиллоо
Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаагийн урилгаар Монгол Улсад суугаа 14 орны элчин сайдуудаас бүрдсэн багынхан тус яамны галаар зочиллоо.
Тулгар төрийн 2224, Их Монгол Улс байгуулагдсаны 809, Ардынхувьсгалын 94 жилийн ой тохиож байна. Үндэсний их баяр наадмаар Хүй долоон худагт Яамдууд болон Монгол Улсын өнцөг булан бүрээс хурдан хүлгээ сойсон уяачид ирж гал болцгоодог билээ.
Хүнс хөдөө аж ахуйн яамны галаар зочилсон элчин сайд нарт хандаж Р.Бурмаа “Монгол түмний эв нэгдэл, үнэт зүйлийн баталгаа, эрх чөлөө тусгаар тогтнолын билэгдэл болсон үндэсний их баяр наадам болж байна. Монголчууд бид үндэсний их баяр наадмаар түүх соёлоо дэлхий дахинд сурталчилан таниулдаг уламжлалтай. Миний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа. Та бүхэнд бидний бэлтгэсэн зоог таалагдана гэдэгт итгэлтэй байна ” гэв.
Мөн Хүнс, хөдөө аж ахуй яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд “ Хэдийгээр зуншлаг сайнгүй байгаа ч энэ жил манай улс 18 сая төл хүлээн авч, нийтдээ 486.6 мянган га-д тариалалт хийгээд байна.” гэлээ.
Монгол Улсад суугаа Бүгд Найрамдах Франц улсын элчин сайд Mr.Yves Deaunay “Хүнс хөдөө аж ахуйн салбар бол улс орнуудын хөгжлийн үндэс суурь юм. Монгол Улсад хөдөө аж ахуйн салбар хөгжих бүрэн боломжтой гэж боддог. Үндэсний их баяр наадмын үеэр биднийг урьсан явдалд маш их баяртай байна. Та бүхний цаашдын ажилд амжилт хүсье. ” гэсэн юм.
Энэ үеэр Беларусь, Болгар, Чех, Аргентин, Унгар улсын элчин сайдууд Р. Бурмаа сайдтай тусгайлан уулзаж цаашид хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах талаар санал солилцсон юм.
Зочид төлөөлөгчидөд уртын дуу сонсгож, морин хуурын татлага татаж сонирхуулав. Түүнчлэн Хүнс, хөдөө аж ахуйн яамны гал бусад галаас ялгарах онцлогтой байсан юм. Энэ нь Галынхаа ойр орчимд усалгааны систем байрлуулж, том оврын буюу 165 морины хүчин чадал бүхий трактор байрлуулсан нь зочилсон зочид төлөөлөгчдийн анхаарлыг ихээр татаж байсан юм.
Р. Бурмаа сайдын урилгаар зочилсон төлөөлөгчид баяр наадмын арга хэмжээ сайхан болж байгааг хэлж урьсанд талархалаа илэрхийлсэн юм.