Байнгын хороод төлөвлөсөн асуудлаа хэлэлцэж шийдвэрлэв
Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа
2015.07.08

Байнгын хороод төлөвлөсөн асуудлаа хэлэлцэж шийдвэрлэв

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр /2015.07.08/ үдээс хойш хуралдаж, Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хаалттай горимоор хийж, энэ тухай санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтов.

Мөн Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо үдээс хойш хуралдаж,Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг дагаж өргөн баригдсан “Халх гол” чөлөөт бүс байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Уг тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн юм.

Тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Д.Тэрбишдагва нар Байнгын хорооны дарга болон Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа нараас асуулт асууж тодруулан саналаа хэлсэн юм.

Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа энэ үеэр гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, “Халх гол” чөлөөт бүсийн гаалийн талбай нь 1200 га, хорио цээрийн талбай нь 610 га байх юм. Бас эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан, бэлчээрийн талбай, хилийн бүс гээд нийт талбайн хэмжээ нь 500 мянган га байна гэж төлөвлөж байгаа. Чөлөөт бүсийн тухай журам болон газар нутгийн хилийн цэсийг Засгийн газар тогтоох юм гэлээ.

Ингээд тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан байнгын хорооны гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй бөгөөд “Халх гол” чөлөөт бүс байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын эцсийн хэлэлцүүлгийг хуралдаанд оролцсон гишүүдийн 90.9 хувийн саналаар дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж шийдвэрлүүлэхээр боллоо гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.