Сүү импортлох зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг зарлаж байна
Монгол Улсын Хүнсний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.8 дахь заалт болон Засгийн газрын 2013 оны 77 дугаар тогтоолоор баталсан “Стратегийн хүнсийг экспортлох, импортлох зөвшөөрөл олгох түр журам”-д заасны дагуу 2015 оны 2 дугаар хагас жилд сүү импортлох зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА
2015 оны 07-р сарын 20-ны өдөр
Сонгон шалгаруулалтын нэр:
“2015 ОНЫ 2 ДУГААР ХАГАС ЖИЛД СҮҮ ИМПОРТЛОХ
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ”
Шалгаруулалтын дугаар: СХЭИЗОСШ-20150720-003
Хүнс, хөдөө аж ахуйн яам нь Монгол Улсын Хүнсний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.8 дахь заалт болон Засгийн газрын 2013 оны 77 дугаар тогтоолоор баталсан “Стратегийн хүнсийг экспортлох, импортлох зөвшөөрөл олгох түр журам”-д заасны дагуу 2015 оны 2 дугаар хагас жилд 95 тонн үйлдвэрийн аргаар боловсруулсан шингэн сүү болон 1951.0 тонн хуурай сүү импортлох зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
Оролцогч нь дор баримт бичгийг бүрдүүлж, эх болон хуулбар хувийг тус тус битүүмжлэн, 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 12 цаг 30 минутаас өмнө Хүнс, хөдөө аж ахуйн яамны 505 тоот өрөөнд бүртгүүлэн, хүлээлгэн өгнө. Үүнд:
1. Импортлох шингэн болон хуурай сүүний тоо хэмжээг заасан албан бичиг;
2. Хуулийн этгээдийн нэр, байршил, хаяг, утас, факсын дугаар, цахим хаяг болон хуулийн этгээдийг төлөөлөн сонгон шалгаруулалтад оролцох этгээдийн итгэмжлэл бүхий албан бичиг;
3. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар;
4. Хууль тогтоомжийн дагуу татвар, хураамж төлсөн, татварын өргүй болохыг тодорхойлсон харъяалах татварын албаны тодорхойлолт;
5. Аудитаар баталгаажсан 2014 оны санхүүгийн тайлан болон 2015 оны 1 дүгээр улирлын санхүүгийн тайлангийн хуулбар;
6. Эрүүл ахуйн шаардлага хангасан зориулалтын агуулахтай эсэхийг нотлох баримт бичиг, эсхүл энэ шаардлагыг хангасан агуулахыг түрээслэх тухай хуулийн этгээдтэй байгуулсан гэрээний нотариатаар баталгаажуулсан хувь;
7. Эрүүл ахуйн шаардлага хангасан зориулалтын тээврийн хэрэгсэлтэй эсэхийг нотлох баримт бичиг, эсхүл энэ шаардлагыг хангасан тээврийн хэрэгсэлийг түрээслэх тухай хуулийн этгээдтэй байгуулсан гэрээний нотариатаар баталгаажуулсан хувь;
8. Экспортлогч улсын үйлдвэр эсхүл албан ёсны гэрээт борлуулагчтай байгуулсан худалдааны гэрээний эх хувь;
9. Экспортлогч улсын импортлох сүүнд олгосон чанарын гэрчилгээ, шинжилгээний дүн;
10. 2015 оны нэгдүгээр хагас жилд сонгон шалгаруулалтанд оролцож, сүү импортлох зөвшөөрөл авсан аж ахуйн нэгж нь импортолсон сүүнд олгогдсон дагалдах чанарын гэрчилгээ, шинжилгээний дүнгийн хуулбар болон тоо, хэмжээг нотлох баримт бичгийг бүрдүүлсэн байна.
Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн аж ахуйн нэгж нь бүртгэлийн хураамж 50 000 (тавин мянга) төгрөгийг ХХААЯ-ны Төрийн сангийн 900019403 тоот дансанд тушаана.
Сонгон шалгаруулалтад оролцогчийн материалыг хүлээн авах эцсийн хугацаа: 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 12 цаг 30 минут.
Сонгон шалгаруулалтыг нээх хугацаа: 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 13 цаг 30 минут.
ХАЯГ:
Монгол Улс, Улаанбаатар-13381, Энхтайваны өргөн чөлөө 16а,
Засгийн газрын 9 дүгээр байр, Хүнс, хөдөө аж ахуйн яамны
5 дугаар давхар, 505 тоот өрөө, Утас: 261687