Малын гаралтай бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн мөшгих тогтолцоог нэвтрүүлнэ
Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа БНСУ-ын малын гаралтай бүтээгдэхүүний чанарын үнэлгээний институт /kape/-ын ерөнхийлөгч Юун Хэтэйгээр ахлуулсан албаны хүмүүстэй малын гаралтай бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн мөшгих тогтолцоог Монголд хэрэгжүүлэх талаар уулзлаа.
Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа “Монгол Улс мах махан бүтээгдэхүүнийг экспортлоход хорио цээр, олон улсын хүнсний аюулгүй байдлын стандарт шаардлага хангасан, хорио цээрийн дэглэм тогтоосон хөдөө аж ахуйн чөлөөт бүсэд малын гаралтай бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн мөшгих тогтолцоог нэвтрүүлэх. Сүүлийн жилүүдэд Монгол, Солонгосын хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаанд КОЙКА байгууллагын оролцоо дэмжлэг их болсон. Энэхүү төсөл хөтөлбөрийг БНСУ-ын ХААЯ-ны дэмжлэгтэйгээр КОЙКА байгууллагын тусламжаар Монголд хэрэгжүүлэх гэж хичээн ажиллаж байгаад талархаж байна. Цаашид БНСУ-д мэргэжилтнүүдийнхээ чадавхийг дээшлүүлж сургалтад хамруулах хүсэлтэй” гэв.
Харин БНСУ-ын малын гаралтай бүтээгдэхүүний чанарын үнэлгээний институт /kape/-ын ерөнхийлөгч Юун Хэтэй цаашид хамтран ажиллах болсондоо баяртай буйгаа энэ үеэр илэрхийллээ.
БНСУ-ын малын гаралтай бүтээгдэхүүний чанарын үнэлгээний институти нь малын эрүүл мэнд, бүртгэлжүүлэлт, малын гаралтай бүтээгдэхүүний чанарын хяналт, лабораторийн оношлогоо, бүтээгдэхүүний гарал үүслийг генетикийн түвшинд судлах, баталгаажуулах, бүтээгдэхүүнийг түгээх, нийлүүлэх зэргийг амжилттай хэрэгжүүлсээр ирсэн.