НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийг нийтэлжээ
2015.07.21

НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийг нийтэлжээ

Эмхэтгэлийн өнөөдрийн дугаарт нийтлэгдсэн Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн зорилт нь нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагааны зарчим, удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн үндсийг тодорхойлж, аж ахуйн нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан гаргах, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад оршиж байна.

Энэ хуулиар аж ахуйн нэгж, байгууллага дагаж мөрдөх бүртгэлийн стандарт, баримтлах зарчмыг тодорхойлж, санхүүгийн тайлан нь ямар бүрэлдэхүүнтэй байх, санхүүгийн тайланг цахим хэлбэрээр хүлээн авсан харилцагч санхүүгийн байгууллага нь ямар үүрэг хүлээх, хөрөнгө, төлбөр тооцооны тооллогыг ямар тохиолдолд заавал хийх, санхүү, бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон Нягтлан бодох бүртгэл, аудитын стандартын хорооны чиг үүрэг, ерөнхий нягтлан бодогчийн эрх, үүрэг зэргийг хуульчилжээ.

Тэдгээрээс гадна мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалтад орох этгээд ямар шаардлагыг хангасан байх, ямар тохиолдолд мэргэшсэн нягтлан бодогчийн эрхийг хүчингүй болгох, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль тогтоомж зөрчигчид ямар хариуцлага хүлээлгэх зэргийг хуульчилж өгсөн байна.

Мэргэшсэн нягтлан бодогчийн эрхийг нэг дэх шатны шалгалтад тэнцсэн бол дөрвөн жилийн хугацаатай, хоёр дахь шатны шалгалтад тэнцсэн бол хугацаагүй олгох ажээ. Мөн дугаарт, энэ хуулийг дагалдаж гарсан хуулиудыг нийтэллээ.

Эмхэтгэлд Аудитын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг бүрэн эхээр нь нийтлэв. Үүгээр, Аудитын үйл ажиллагааг хэн эрхлэх, үйл ажиллагаандаа ямар зарчим, стандарт баримтлах, ямар тохиолдолд аудитын үйлчилгээг хязгаарлах, ямар аж ахуйн нэгж, байгууллага санхүүгийн тайландаа заавал аудит хийлгэх, аудитор болон үйлчлүүлэгч ямар эрх эдэлж, үүрэг хүлээх, аудитын хуулийн этгээд ямар нөхцөл, шаардлагыг хангасан байх зэргийг хуульчилжээ.

Энэ хуулийн дагуу аудитын хуулийн этгээд нь аудитын дүгнэлтийн талаар өөрийн хөрөнгөөр хариуцлага хүлээхээр байна.

Нийслэл хотын албан татвар ногдуулах, уг татварыг төсөвт төвлөрүүлэх, тайлагнахтай холбогдсон харилцааг эмхэтгэлд нийтлэгдсэн Нийслэл хотын албан татварын хуулиар зохицуулна. Нийслэл хотын албан татвар суутгагчаас энэ хуульд заасан бараа, үйлчилгээг худалдан авч байгаа этгээд нийслэл хотын албан татвар төлөгч байхаар хуульчилсан байна. Татвар төлөгчийн худалдан авсан ямар бараа, үйлчилгээнд нийслэл хотын албан татвар ногдуулахыг энэ хуулиаас тодорхой мэдэж болно.

Үүнээс гадна нийслэл хотын албан татвар тооцох үнэлгээг борлуулсан бараа, үзүүлсэн үйлчилгээний үнийн дүнд үндэслэн тооцох бөгөөд татварын хувь, хэмжээг байршил, хүн амын төвлөрлийг харгалзан, 0-1.0 хувийн хязгаарт багтаан нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батлахаар байна. Энэ хуулийг 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Эмхэтгэлийн шинэ дугаарт, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Уурхай дахь аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай конвенцид нэгдэн орох тухай хуулийг тус тус нийтэллээ.

Түүнчлэн, Нийслэл хотын албан татварын тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай, Прокурорын байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн батлах тухай, Монгол Улсын 2014 оны төсвийн гүйцэтгэл баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолыг тус тус нийтлэв.

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлд нийтлэгдсэн Монгол Улсын 2014 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолоор, Монгол Улсын 2014 оны төсвийн гүйцэтгэлийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 4,204.360.5 /дөрвөн их наяд хоёр зуун дөрвөн тэрбум гурван зуун жаран сая таван зуун мянган/ төгрөгөөр, төсвийн гүйцэтгэлийн зарлагын /тэнцвэржүүлсэн орлогод нийцүүлсэн/ хэмжээг 5,229.168.5 сая /таван их наяд хоёр зуун хорин есөн тэрбум нэг зуун жаран найман сая таван зуун мянган/ төгрөгөөр тус тус баталжээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.