Улсын онцгой комиссын ээлжит хурал боллоо
Гантай болон гандуу байгаа аймгуудад гамшгийн үнэлгээ хийх зорилгоор нөхцөл байдалтай нь танилцаад ирсэн Улсын Онцгой комиссын Шуурхай ажлын хэсгийн танилцуулга, дүгнэлт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Онцгой комиссын нарийн бичгийн дарга М.Энх-Амар, Хүнс, хөдөө аж ахуйн салбарын өнөөгийн байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, ирэх саруудын цаг агаарын урьдчилсан төлөв байдлын талаар Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга Д.Цогт-Очир нар мэдээлэл хийлээ.
Ихэнх аймгуудад олон жилийн дундажтай харьцуулахад хур тунадас бага орж, өвс, ногооны гарц муу байгаагаас мал сүрэг тарга тэвээрэг сайн авч чадаагүй байна. Өдөртөө хэт их халж, хуй салхи салхилж, зарим гол, горхи ширгэж байгаагаас шалтгаалан малчид өвөлжөө, хаваржаандаа зусч байна.
Өвс ногоо муугаас хадлан тэжээл бэлтгэх өвөлжилтийн бэлтгэл ажил хүндэрч, төлөвлөсөн ургацын 50-60 хувийг алдах эрсдэл үүсчээ. Улсын онцгой комиссын даргын тушаалаар аймгуудын зуншлагын байдал, өвөлжилтийн бэлтгэлтэй танилцахаар орон нутагт ажилласан ажлын хэсэг 21 аймгийн 9 нь зуншлага хэвийн, 12 аймгийн 133 сумын 66 нь гантай, 67 нь гандуу байна гэж дүгнэжээ.
Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга У.Хүрэлсүх аймаг, нийслэлийн Засаг дарга, Онцгой комиссын дарга нарт 2015-2016 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах тухай Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлж, биелэлтэд хяналт тавин, шаардлагатай асуудлуудыг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болголоо.
Мөн малчин өрх бүр малын хашаа, саравч, уст цэгээ засварлах, тохижуулах, түлээ түлшээ бэлтгэх, цаг агаар хүндэрсэн нөхцөлд хэрэглэх өвс, тэжээлийг өрх болон малчид хоршин нөөцлөх, өвлийн хувцас хэрэглэл, мал аж ахуйн тоног хэрэгслийг засварлах зэргээр өвөлжилтийн бэлтгэлийг сайтар хангуулах ажлыг аймаг, орон нутгийн хэмжээнд өргөн далайцтай зохион байгуулж, хамтран ажиллахыг даалгалаа.
Гандуу болон гантай байгаа аймаг сумдын тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан үр тарианы гарц муудаж болзошгүй байгаа тул гурилын нөөцийг хангалттай бүрдүүлж, үнийг тогтвортой байлгах ажлыг зохион байгуулах болон өвөлжих малын тоог цөөлөхөд анхаарч, махны нөөц, экспортыг нэмэгдүүлэх, малчдыг малаа даатгалд хамруулах ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байгааг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаад анхаарууллаа.
Зарим аймагт өвөлжилт хүндэрч болзошгүй байгаа тул улсын нөөцийн салбаруудын өвс, тэжээлийг дахин хуваарилж, байршуулах ажлыг энэ оны 10 дугаар сард багтаан зохион байгуулахыг Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Бадралд үүрэг болголоо. Зуны агаарын хэт халалт, хуурайшилт, үер зэрэг байгалийн болзошгүй аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор олон нийтэд хандсан анхааруулга, сэрэмжлүүлэг, зөвлөгөө мэдээллийг цаг тухайд нь шуурхай зарлан мэдээлж гамшигт үзэгдэл тохиолдсон үед нэгдсэн удирдлагаар хангаж, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг даалгасан байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.