Гурван аймагт түймэр асч байна
түймэр
2015.07.01

Гурван аймагт түймэр асч байна

Улсын хэмжээнд одоогоор гурван аймагт долоон түймэр асч байна. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө, Мандал, Хөвсгөл аймгийн Цагааннуур, Улаан-Уул, Булган аймгийн Сэлэнгэ суманд түймэр гарчээ.

Энэ зуны хувьд өмнөх жилүүдгэй харьцуулахад түймрийн гаралт их байгаа юм байна. Энэ талаар Онцгой байдлын ерөнхий газрын Ой хээрийн түймэртэй тэмцэх хэлтсийн мэргэжилтэн С.Галтзулаас тодрууллаа.

-Гурван аймагт түймэр асч байгаа юм байна. Нөхцөл байдал ямар байна вэ?

-Булган аймгийн Сэлэнгэ суманд гарсан түймрийг цурманд оруулсан тухай мэдээ ирлээ. Одоогоор Сэлэнгэ аймгийн нутагт гарсан түймэр л хүндрэлтэй байна.

-Зуны улиралд түймэр хэр их гардаг вэ. Энэ зун өмнөх жилүүдтэй харьцуулахад түймэр их гарч байгаа гэж сонссон?

-Зун түймэр бага гардаг. Энэ жил хур бороо бага орсноос шалтгаалан хуурайшилт их байна. Үүнийг дагаад түймэр ч их гарч байна. Түймрийн тоо өсч, нөхцөл байдал хүндэрсэн. Өнгөрсөн оны эхний зургаан сарын байдлаар нийт 100 түймэр гарсан. Энэ жилийн эхний зургаан сарын байдлаар 193 болж өссөн байна. Ойн түймэр л гэхэд өнгөрсөн жилийн өдийд 10 гарсан бол одоо 66 удаа гарч эрс өссөн.