Байнгын хорооны дарга Ж.Энхбаяр Азийн хөгжлийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр
2015.06.25

Байнгын хорооны дарга Ж.Энхбаяр Азийн хөгжлийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр өнөөдөр /2015.06.25/ Азийн хөгжлийн банкны Суурин төлөөлөгч Роберт Шоэлхаммер тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд ноён Роберт Шоэлхаммер Байнгын хорооны дарга Ж.Энхбаярыг цаг, зав гарган хүлээн авсанд талархал илэрхийлээд, Азийн хөгжлийн банкны зүгээс Монгол Улсад хэрэгжүүлэхээр хэлэлцүүлж буй хоёр дахь шатны төслүүд нь хөдөө аж ахуй салбарт чиглэгдэж байгааг танилцуулав.

Мөн тэрээр, “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн” болон “Ургамал, малын эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлыг хангах арга хэрэгслийг шинэчлэн сайжруулах” төслүүдийн хэрэгжилтийн талаар танилцуулж,  нэгдүгээр шатны төслүүд үндэсний томоохон аж ахуйн нэгжийн хөгжлийн үйл ажиллагаанд чиглэгдэж байсан бол энэ удаагийнх жижиг аж ахуйн хөгжлийг дэмжихэд тулгуурлаж байгааг дуулгасан юм. 

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр хэлэхдээ, Азийн хөгжлийн банк манай оронд олон төсөл, хөтөлбөр санхүүжүүлж, хэрэгжүүлж ирснийг дурдаад, Азийн хөгжлийн банкнаас танилцуулж буй төслүүдийн хүрээнд  Монгол Улсын хилийн боомтуудын нэвтрэх хүчин чадлыг сайжруулах, худалдаа хийх ажиллагааг хялбаршуулах цахим нэг цонхны үйлчилгээг нэвтрүүлэх зорилготой байгааг сайшааж, энэ салбарт өөрөө ажиллаж байсны хувьд үр дүнтэй хэрэгжүүлэх тал дээр бүрэн дэмжихээ илэрхийлэв.

Мөн тэрээр, “Ургамал, малын эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлыг хангах арга хэрэгслийг шинэчлэн сайжруулах” төслийн хүрээнд Монгол Улсын босоо, хэвтээ тэнхлэгт орших дөрвөн боомтуудын хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгоход зориулагдах санхүүжилтийг нэг эсхүл хоёр боомтууд дээр төвлөрүүлж, загвар боомт бий болгох нь илүү үр дүнгээ өгнө гэдгийг хэллээ.

Уулзалтад АХБ-ны Зүүн Азийн газрын Хөдөө аж ахуй, хүрээлэн байгаа орчин, байгалийн нөөцийн хэлтсийн Байгалийн нөөцийн эдийн засагч Такеши Уеда болон албаны бусад хүмүүс байлцав хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.