Жанжин штабын дарга Д.Даваа гэж хэн бэ?
Зэвсэгт хүчний жанжин штабын даргын албан тушаалд томилох асуудлыг зөвшилцлөө
2015.06.19

Жанжин штабын дарга Д.Даваа гэж хэн бэ?

УИХ-ын чуулганы  Пүрэв гаригийн хуралдаанаар Зэвсэгт хүчний жанжин штабын даргын албан тушаалд томилох асуудлыг зөвшилцлөө.

Энэ үеэр гишүүд батлан хамгаалах салбар, үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн асуудал өөрчлөгдөж, шинэ шатанд орж байгааг сануулж, Монгол цэргийн бодлогын шинэ баримт бичгийг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахыг хүссэн юм.

Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан тул Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд Зэвсэгт хүчний Жанжин штабын Цэргийн хангалт, үйлчилгээний газрын дарга, бригадын генерал Д.Давааг Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын албан тушаалд томилуулах асуудлыг зөвшилцөх саналаа УИХ-д хүргүүлсэн. Д.Даваа нь 1963 онд төрсөн.

1994 онд ЗХУ-ын Вольск хотын Цэргийн ар талын дээд сургууль, Санкт-Петербург хотын Цэргийн ар тал, тээврийн академийг Цэргийн ар талын команд штаб, оператив тактикийн мэргэжлээр төгсчээ.

Тэрээр Монголын ардын армийн 162 дугаар ангид хүнс, хувцасны албаны даргаар ажлын гараагаа эхэлж ангийн хүнсний хангалтын тасгийн дарга, захирагчийн орлогч, ар талын дарга, Батлан хамгаалахын их сургуулийн Цэргийн дээд сургуулийн тэнхмийн эрхлэгч, ар тал эрхэлсэн дэд захирал, Батлан хамгаалах яамны Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга, Зэвсэгт хүчний Жанжин штабын Цэргийн хангалт, үйлчилгээний газрын даргаар ажиллаж иржээ.

Иймээс Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч түүнийг батлан хамгаалах салбарт 30 гаруй жил ажилласан, хуульд заасан шалгуурыг хангаж байгаа гэж үзэж энэхүү албан тушаалд томилуулахаар зөвшилцөх саналаа ирүүлсэн байна.

Харин нэр дэвшигчтэй холбоотой асуудлаар гишүүд байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Гэхдээ хоёр асуудлыг хэлмээр байгаа юм. Батлах хамгаалахын удирдлагуудад энгийн хүмүүс томилогддог. Тэр хүмүүс нь жаахан тохь муутай бол бүр хүнд байдал руу оруулдаг. УИХ-ын хувьд бол Батлан хамгаалах яамыг огт хайхрахгүй байна. Уул уурхай, хөдөө аж ахуй, нийгмийн чиглэлтэй холбоотой асуудлуудыг яриад байдаг. Гэтэл Батлах хамгаалах зэрэгт нь халаа сэлгээ дураа хийгдээд үймээлээд байдаг” гэлээ.

УИХ-ын гишүүн Г.Баярсайхан “Таны томилгоотой болон яамтай холбоотой хоёр л зүйл хэлье. Ердөө сайн муу хоёр л зүйл бий. Би муугаас эхлэе. Танк онхолдуулсан гэж саяхан мэдээлэл сонсогдсон. Онгоцны мотор зарлаа гэж яригдаж байсан. Орон сууцны байрны хувиарлалт шог байна гэж яригддаг. Нөгөө талдаа Монгол төрийн цэргийн бодлогыг удахгүй хэлэлцэх байх” гэсэн юм.

УИХ-ын гишүүн Л.Болд “Зэвсэгт хүчний улстөрчид гэдэг дээр хамгийн гол асуудал байгаан. Сонгуульд жагсаалаар өгдөг үзэгдэл бол 1990-ээд оных ч биш 2000-аад онд ч байсан. Манай тойрог дээр ч гэсэн нүдээрээ харсан. Үүний цаана зөвхөн хэн нэгэнд өгөх асуудал биш юм. Харин зэвсэгт хүчний нэр хүнд, байр суурь, хөгжлийн асуудалд шууд нөлөөлчихөж байна. Сонгууль гэдэг чинь хэн ялагдах нь тодорхойгү асуудал. Улстөрийн, танил талаараа юу ямар нэгэн шалтгаанаар аль  нэг талд өгөх явдал нилээд явчихсан” гэв.