Том бодлогуудыг АН-ынхан өөрсдөө л гацааж байгаа
-Би хамтарсан Засгийн газар байгуулах үед зөвшилцлийн ажлын хэсэгт орж ажилласан гишүүдийн нэг.
Бид зөвшилцлийн ажлын хэсэгт орж ажиллаж байх хүрээнд хэд хэдэн асуудлыг хөндсөн. Монгол Улсын нийгэм, эдийн засаг, улс төрийн нөхцөл байдал арванхоёрдугаар сард ямар байсан билээ. Тэр үед хүндрэлээс гарахын тулд хамтрахаас өөр арга байхгүй юм байна. Албан тушаал хуваахаасаа илүү ажил хийх ёстой. Юу хийх вэ гэдгээ тэр гэрээнд тусгасан.
Улс төрийн хүрээнд парламентын засаглалаа боловсронгуй болгох зорилгоор Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийе. Улс төрийн намын тухай хуулиндаа өөрчлөлт оруулж, Сонгуулийн хуулиа өөрчилье. Дээрээс нь эдийн засгийн хямрал, хүндрэлийг даван туулахын тулд тодорхой төсөл, хөтөлбөрүүдийг хөдөлгөе.
Оюутолгой, Тавантолгой гээд. Тавантолгой, Оюутолгой төслийн түгжээг мултлахдаа өнөөгийн хууль эрх зүйн хүрсэн төвшинөөс бууруулахгүйгээр шийдье гэж тохирсон. Мөн эрчим хүч, зам харилцааны чиглэлийн томоохон төслийг явуулъя гэсэн. Өнөөдөр аль нь ч яваагүй. Энэ гацааг хэн хийж байна вэ гэвэл УИХ дахь АН-ын бүлэг өөрсдөө хийгээд байна.
Яагаад гэхээр ажлын хэсгүүдийг дандаа АН-ын гишүүд ахалж байгаа. Үндсэн хуулийн ажлын хэсгийн ахлагч АН-ын гишүүн Н.Батбаяр, Сонгуулийн хуулийн ажлын хэсгийг Р.Бурмаа гишүүн, Тавантолгой дээр Л.Эрдэнэчимэг гишүүн ахалж байна. Дээр нь АН-ын Ерөнхий сайд, АН-ын УИХ-ын дарга ажиллаж байгаа. Энэ хүмүүсийн зөрчил, хоорондын тэмцлээс болоод УИХ дээр асуудал унаад байна. Засгийн газраас оруулж ирсэн төслүүдээс УИХ дахь МАН-ын бүлэг яг ямар хууль унагасан юм гэдгийг тооцож үзээрэй. Ингээд үзвэл УИХ дахь МАН-ын бүлэг зөвийг дэмжиж, бурууд шүүмжлэлтэй хандаж байгаа.