Байнгын хорооны дарга Ж.Батсуурь Азийн хөгжлийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь өнөөдөр /2015.06.24/ Азийн хөгжлийн банкны Суурин төлөөлөгч Роберт Шоэлхаммер тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд ноён Роберт Шоэлхаммер Байнгын хорооны дарга Ж.Батсуурийг цаг, зав гарган хүлээн авсанд талархал илэрхийлээд, Азийн хөгжлийн банкны зүгээс Монгол Улсад хэрэгжүүлэх гэж буй дараагийн шатны төслүүд нь хөдөө аж ахуй салбарт чиглэгдсэнийг онцлоод, “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн” болон “Ургамал, малын эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлыг хангах арга хэрэгслийг шинэчлэн сайжруулах” төслүүдийн танилцуулгыг хийв.
Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь хэлэхдээ, Азийн хөгжлийн банк манай оронд олон төсөл, хөтөлбөр санхүүжүүлж, хэрэгжүүлж ирснийг дурдаад, Азийн хөгжлийн банкнаас танилцуулж буй төслүүдийн заримтай нь танилцсан гэдгийг дуулгав.
Уулзалтад АХБ-ны Зүүн Азийн газрын Хөдөө аж ахуй, хүрээлэн байгаа орчин, байгалийн нөөцийн хэлтсийн Байгалийн нөөцийн эдийн засагч Такеши Уеда болон албаны бусад хүмүүс байлцав хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.