Хилийн боомтуудаар хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн экспортлоно
/ зургийг arslan.mn/
2015.06.24

Хилийн боомтуудаар хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн экспортлоно

ХХАА-н дэд сайд Б.Батзориг орон нутагт ажиллаж байна. Сүүлийн үед  нөхөн  сэргээгддэг баялаг буюу хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг экспортлож эдийн засгийн эргэлтэд оруулах  талаар ихээхэн яригдах болсон.

Энэ хүрээнд мах экспортлох  асуудлаар БНХАУ-ын талтай  тодорхой тохиролцоонд хүрч  цаашид мах экспортлох асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэхээр  ХХАА-ын дэд сайд Б.Батзориг тэргүүтэй холбогдох албаныхан ажиллаж байна.  Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхийн тулд юуны түрүүнд хил боомтын үйл ажиллагааг эрчимжүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байгаа юм.

Иймээс энэ сарын 21-27-ны өдрүүдэд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хил боомтын дарга Гуо Ган болон, Хорио цээрийн газрын дарга Жан Шаотун нартай албан уулзалт хийж хоёр талын Хил хорио цээрийн газар, Хил боомтын дарга нартай уулзаж тус боомтуудын  үйл ажиллагаатай нь танилцаж, газар дээр нь асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх юм.

Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай хэлэлцээрүүд хийгдэж эхэлсэн байна.

Ургамлын үр, үрслэг, суулгац, мал, амьтан болон үржлийн мал экспортлох боомтуудад Сүхбаатар аймгийн Бичигт, Дорнод аймгийн Баянхошуу боомтыг нэмсэнтэй холбогдуулан эдгээр боомтоор хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн экспортлох боломж нээгдсэн . Тиймээс  Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай хэлэлцээрүүд хийгдэж эхэлсэн байна.

 Баянхошуу-Өвдөг, Сүмбэр-Рашаан, Бичигт-Зүүн хатавч боомтуудад хорио цээрийн хяналт явуулах хүчин чадлыг бий болгохыг идэвхтэй ургашлуулах, Монголын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг дээрх боомтуудаар Хятад руу экспортлох асуудлыг Хятадын талд тавьж ойрын хугацаанд  хамтран шийдвэр гаргахаар ийнхүү ажиллаж байна.