Хөрөнгө оруулагчдад таатай хууль, эрх зүйн орчин бүрдүүлэх хэрэгтэй
Төрөөс Аж үйлдвэрийн салбарт баримтлах бодлого болон Үйлдвэржилтийг дэмжих тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж буй. Энэ талаар АҮЯ-ны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Д.Баттогтохтой ярилцлаа.
-Улс орны хөгжлийн үндэс нь аж үйлдвэр гэдэг. Гэвч манай улс энэ салбарт нэгдсэн бодлогогүй явсаар сая л нэг төсөл боловсруулж, УИХ-аар хэлэлцэж байна. Уг бодлого цогц хэмжээнд болж чадсан уу. Анхаарах ямар асуудлууд тусгасан бэ?
1990-ээд оноос хойш энэ салбарт нэгдсэн бодлого байгаагүй. Бүтцийн хувьд хэд хэдэн яаманд хуваагдчихсан байлаа. Энэ бүхнийг зангидахын тулд АҮЯ байгуулж, салбарын хөгжлийн нэгдсэн бодлогын төслийг боловсруулсан. Бизнес эрхлэгчидтэй уулзахад худалдаа гэхээс үйлдвэрлэл эрхлэх сонирхол давамгайлдаг болсон нь эерэг хандлага. Аливаа бодлого өмнөх болон бусад баримт бичигтэйгээ давхцахгүй, зөрчилдөхгүй, хэрэгжихүйц байх ёстой.
Энэ бүх шалгуурыг хангасан төсөл боловсруулахын тулд эрдэмтэн судлаач, үйлдвэрлэл эрхлэгч, мэргэжлийнхний саналыг сонсож, хэлэлцүүлэг хийсэн. Уг бодлого үндсэн дөрвөн хүчин зүйл дээр тулгуурласан найман зорилттой. 2030 он гэхэд дэвшилтэт техник технологи, өндөр технологи, өрсөлдөх чадвар бүхий үйлдвэрлэл хөгжүүлэх нь бодлогын гол зорилго.
-Үндсэн дөрвөн чиглэлээ тодорхойлохгүй юу?
Юуны өмнө эрх зүйн орчин чухал. Үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, гадаадын хөрөнгө оруулагч нарт таатай хууль, эрх зүйн орчин бүрдүүлэх хэрэгтэй. Энэ хүрээнд бид өмнө нь УИХ батлагдсан хэдий ч хэрэгждэггүй хэд хэдэн хуулийг сайжруулна. Мөн шинээр Үйлдвэрлэлийг дэмжих хуулийг санаачлан ажиллаж байгаа. Хоёрдугаарт, хүний нөөц. Энэ салбарыг хүн л авч явна.
Тиймээс инженер техникийн ажилтнуудыг дотоод, гадаадын өндөр ур чадвар, технологи, мэдлэгийг олгох сургуульд бэлтгэх учиртай. Гуравдугаарт, санхүүгийн дэмжлэг чухал. Хөрөнгө санхүүтэй байж үйлдвэрлэл хөгжинө. Дэмжлэгийг бид Үйлдвэрлэлийг дэмжих сангаар дамжуулж хэрэгжүүлнэ. Мөн зөвхөн хөнгөлөлттэй зээл өгөх биш, бусад хэлбэрийн дэмжлэгийг ашиглана.
Тухайлбал, санхүүгийн түрээсийн үйлчилгээ буюу тоног төхөөрөмжийн лизингээр үйлдвэрлэлээ өргөжүүлэх, энэ нь нэмэлт барьцаа шаардахгүйгээр тоног төхөөрөмжөө барьцаалаад зээл авах боломжыг үйлдвэрлэл эрхлэгч нарт олгож байгаа юм. Мөн Зээлийн батлан даалтын сангын үйлчилгээнд хамрагдаж болно. Барьцаа хөрөнгө шаардЛагатай үйлдвэрлэгчдэд төрөөс 60 хувь хүртэл батлан даалт гаргаж өгч болно. Дөрөвдүгээрт, технологийн хүчин зүйл. Үүнд төрийн бодлогыг чиглүүлэх хэрэгтэй.
-Мэргэжлийн холбоодтой хэлэлцүүлэг хийх үеэр уг төслийг нэлээд шүүмжилж байсан. Бодлогыг хэрэгжүүлэгч нь хувийн хэвшлийнхэний атал ийм заалт алга гээд. Үүнийг анхаарч тусгасан уу ?
Анхныхаа төсөлд нэр томъёоны хувьд “бизнесийн төлөөлөл” гээд оруулчихсан байсан. Түүнээс хувийн хэвшлийн оролцоог огт хязгаарлаагүй. Байнгын хороогоор төслийг хэлэлцэхдээ томъёоллыг “хувийн хэвшил” гэж өөрчилсөн. Манай салбар, бодлогыг авч явах, хэрэгжүүлэх гол хүмүүс нь хувийн хэвшлийнхэн.
-Уг бодлогын төсөлтэй уялдуулан боловсруулсан хуулиудын нэг нь Үйлдвэржилтийг дэмжих тухай хуулийн төсөл байх. Ялангуяа дэвшилтэт техник технологи бүхий экспортын үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд төрөөс хоёр гол чиглэлээр дэмжлэг үзүүлнэ гэсэн. Үүнийг тодруулаач?
Манай экспортын бүтээгдэхүүний 97 хувь нь технологийн агууламжгүй буюу нам технологитой байгаа. Бид дэвшилтэт технологи, мэдлэг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байж экспортын бүтээмж өсч, өрсөлдөх чадвар сайжирна. Энэ үүднээс дээрх хуулийн төслийг боловсруулсан. Төсөлд үндсэн хоёр дэмжлэг тусгасан. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ 50-иас дээш хувийг экспортод гаргаж байгаа үндэсний үйлдвэрт технологийн шинэчлэл хийсэн хөрөнгө оруулалтынх нь 50 хувьтай тэнцэх хэмжээний хөнгөлөлттэй зээлийг төрөөс 10 жилийн хугацаатай олгоно.
Мөн үйлдвэрлэлийн өндөр үр ашиг бүхий технологи, бүтээгдэхүүн бий болгохоор ажиллаж буй үндэсний үйлдвэрүүд бий. Зарим нь шинэ технологи нэвтрүүлж нутагшуулж, зарим нь шинээр бий болгож байна. Тэдгээр технологи, бүтээгдэхүүн судалгаа хөгжлийн (Р&О) ажлын үр дүнд бий болдог. Тиймээс шинэ бүтээгдэхүүн, технологи бий болгохоор зорьж байгаа үйлдвэрүүдэд судалгаа хөгжлийн зардлынх нь 75 хүртэлх хувийг буцаан олгохоор тусгасан.
Гэхдээ ашигт малтмал ялган авах, олборлох, түүнтэй холбоотой үйл ажиллагаа явуулж буй үйлдвэрлэл эрхлэгчид манай хуульд хамрагдахгүй. Мөн гадаадын хөрөнгө оруулалттай болон хөрөнгө оруулалтын хуулийн гэрээ байгуулсан аж ахуйн нэгжүүд хамрагдахгүй. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид тусдаа хуулиараа дэмжлэг хүлээж буй учраас бас хамаарахгүй. Зөвхөн экспортын чиглэлийн үйлдвэрлэл эрхэлдэг, шинэ бүтээгдэхүүн, технологи, бий болгож буй үйлдвэрүүд л үүнд хамрагдана.
-Технологийн нэгдсэн бүртгэлийн санд хамрагдсан байх гэсэн шаардлага бас байсан. Мөн бүтээгдэхүүнийхээ 50-иас дээш хувийг экспортолдог аж ахуйн нэгж хэр олон байгаа юм бэ?
Аж үйлдвэрийн яаман дээр технологийн нэгдсэн бүртгэл, мэдээллийн санг бий болгоно. Энэ сан нь үйлдвэрүүдийн үндсэн мэдээллээс гадна, технологийн мэдээллийг нэгтгэсэн сан байх юм. Бид энэ санг өмнө нь Эдийн засгийн яам байх үед бий болгосон платформыг ашиглан хөгжүүлнэ.
Экспортын бүтээгдэхүүн. үйлдвэрлэж буй компанийн тухайд нэг сая ам доллароос дээш экспорт хийдэг 200 гаруй аж ахуй нэгж байгаа. Гэхдээ дээрх шаардлагыг хангасан гэвэл нэлээд цөөн тоо болох байгаа: Гэхдээ энэ шаардлагыг хангахын төлөө үйлдвэрлэл эрхлэгч нар ажиллах хэрэгтэй.
-Энэ хуультай холбогдуулаад хэд хэдэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж байгаа юм билээ?
Тийм, Тухайлбал, НӨАТ-ийн хуулинд экспортонд гаргасан бараа, ажил үйлчилгээний НӨАТ-ын хувь хэмжээг тэг хувиар тооцдог заалт бий энэ заалтаар түүхий эд гаргасан ч, бүтээгдэхүүн хийж экспортолсон ч НӨАТ авдаггүй. Үүнийг өөрчилж, зөвхөн эцсийн бүтээгдэхүүн экспортолбол татвар авахгүй, түүхийгээр бол татвар авдаг зохицуулалтыг НӨАТ-ын тухай хуульд оруулж байна. Үүнийг ноос, ноолуур, арьс ширний салбарт хэрэгжүүлнэ.
Үүнээс гадна, үйлдвэрлэл эрхлэгчид “Бид бараа бүтээгдэхүүн хийгээд байдаг гэтэл Төр гэдэг том худалдан авагч биднээс биш, импортын бараа, бүтээгдэхүүн худалдан аваад байгааг зохицуулж өгөөч” гэдэг. Одоо тэгвэл Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд “Чанар, стандартын шаардлага хангасан барааг дотоодын үйлдвэрлэлээсээ хангах боломжтой тохиолдолд тендер шалгаруулалтад гадаадын бараа нийлүүлэгчийг шалгаруулахыг хориглосон” заалт оруулж байгаа.
Хэрэв төр, орон нутгийн удирдлага үүнийг зөрчиж, импортын бараа авбал тухайн байгууллагын удирдлагыг 10 жил эргэж орохгүйгээр халж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлж торгох арга хэмжээ авахыг хуулинд тусгаж байгаа. Импортын бараа, бүтээгдэхүүний гаалийн албан татварын тухай УИХ-ын тогтоолд мөн өөрчлөлт оруулна.
Гол өөрчлөлтийн агуулга нь дотооддоо үйлдвэрлэдэг зарим бараа, бүтээгдэхүүнийг импортолбол өндөр татвар ногдуулж байгаа ингэж байж бид дотоодын үйлдвэрлэлээ хамгаалан үйлдвэрлэл эрхлэх илүү боломжыг олгоно. Түүнчлэн үйлдвэржилтийг дэмжихийн тулд тусгай сан байгуулна. Иймээс Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулж байгаа. Ер нь л үйлдвэрлэлийг эрх зүй, санхүү, хүний нөөц, технологи талаас цогцоор нь дэмжихээр ажиллаж байна.