Долларыг 1231 болгох математик гаргалгаа
Эдийн засагч Ч.Анхбаяр
2015.04.14

Долларыг 1231 болгох математик гаргалгаа

Эдийн засагч Ч.Анхбаяртай гадаадын хөрөнгө оруулалтын урсгал болон Монголын хөрөнгө оруулалтыг сайжруулах боломжийн талаар ярилцлаа.

-Дэлхий  даяар хөрөнгө оруулалтын урсгал ямар байдалтай байна вэ?

Гадаадын шууд хөрөнгө оруулалтын урсгал зөвхөн манай улсад буураагүй, дэлхий нийтээрээ бууралттай байгаа нь 2014 оны UNCTAD-н гарсан гадаадын шууд хөрөнгө оруулалтын тайлангаас харагдаж байна.

Тус тайланд дурьдагдсанаар 2011 оноос дэлхий нийтийн гадаадын хөрөнгө оруулалтын дотогшлох урсгал буурч байгаа ба сүүлийн 2 жилд тогтворжих төлөв рүүгээ тэмүүлж байна. Гэтэл манайд өнгөрсөн 2 жилд ГШХО-ын бууралт нь хүчтэй хурдассаар байгаагаарай ялгаатай байна.    

Ерөнхийдөө бүсчилсэн байдлаар авч үзвэл, Хойд Америк, шилжилтийн эдийн засагтай орнуудад нэлээн бууралт ажиглагдсаар байгаа юм. 2014 оны гадаадын шууд хөрөнгө оруулалт буурахад үндсэндээ дөрвөн гол шалтгаан нөлөөлжээ.  

  1. Компани хоорондын зээлийн урсгал өөрчлөгдсөн
  2. Аж үйлдвэрийн салбарын бууралт явагдсан
  3. Түүхий эдийн үнэ ханш доод түвшиндээ хүрсэн.
  4. Бүс нутгийн зөрчилдөөн, хориг арга хэмжээ ихэссэн явдал нөлөөлжээ.

Тэгэхээр эдгээр шалтгаануудыг үзэхээр уул уурхайн түүхий эдийн ханшийн уналт манай оронд нөлөөлсөн байна. Мэдээж хэрэг манай экспортын 87 хувийг эзэлдэг, түүхий эдийн үнэ ханшид гол нөлөөлөл үзүүлдэг нь Хятад улс юм.

-Эдийн засгийн огцом өсөлтөд уул уурхайн түүхий эдийн үнэ, экспортын хэмжээ нөлөөлсөн нь ойлгомжтой. Тэгэхээр Хятад улсын бодлогоос хамаарч уул уурхай сэргэх эсэх нь тодорхой юм уу. Тэгвэл Хятадын эдийн засгийн бодлого ямар байдалтай байна?

Өнгөрсөн онд Хятад улс эдийн засгийн өсөлтийн зорилтот түвшинг 7.5 хувь гэж тогтоосон ч хүрч чадсангүй. Энэ оны хувьд эдийн засгийн зорилтот түвшинг 7 хувь гэж байгаа ч мөн л хүрч чадахааргүй нөхцөл байдал хүлээгдэж байна.

Гол шалтгаан нь Хятад улсын үл хөдлөх хөрөнгийн салбарын борлуулалт 15 хувиар,  шинээр баригдаж байгаа орон сууцнуудын үнэ ханш 5 буурсан дүр зураглалтай байна.

Мөн Хятад руу чиглэсэн хөрөнгө оруулалтын урсгал саарсан, хэрэглэгчийн хүлээлтийн индекс, логистикийн индекс, аж үйлдвэрийн индексүүд үндсэндээ тааруухан байгаагаас үзэхэд Хятад улсын эдийн засаг бодитойгоор удаашрах нөхцөл рүү орсон. Тэрхүү нөхцлийг илэрхийлэх Хятадын эдийн засгийн түрүүлэгч индекс хэдийн 2009 оны түвшинд явж байна.

-Та удаашралын нөлөөллийг түүхий эдийн үнэ буурах гол шалтгаан гэж үзэж байна уу.

Тиймээ. Ер нь Хятад улс эдийн засгаа удаашруулах реформ хийж байна. Тухайлбал төрийн өмчит аж ахуй нэгжийг либеральчлах, урт хугацааны тогтвортой эдийн засгийн өсөлтийг хадгалах, ногоон өсөлтийг хангах, нийгмийн шударга ёсыг хангах, чөлөөт худалдааны бүсийг хөгжүүлэх чиглэлд ажиллаж байна.

-Эдгээр бодлогууд манай оронд хэрхэн нөлөөлөх бол?

Хамгийн хамааралтай нь ногоон эдийн засгийг дэмжсэн реформ байгаа. Үүнээс хоёр үндсэн арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болж байна.

  1. Агаарын бохирдлыг бууруулах үүднээс өнгөрсөн онд 2000 орчим жижиг дунд нүүрсний уурхайг хаасан. Энэ нь Хятад улс түүхэндээ анх удаагаа нүүрсний хэрэглээгээ -2.1 хувиар бууруулахад хүргэлээ.  
  2. Нөгөө нь ган хайлуулах үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлэх бодлогоор төмрийн хүдрийн захиалга багасч байгаа байдлаар илэрч байна.

Ерөнхийдөө Хятад улсын явуулж байгаа бодлогыг харахад ойрын хугацаанд уул уурхайн түүхий эдийн үнийн супер циклийн өсөлт гарахгүй. Иймээс өмнөх шиг супер циклийн өсөлтийг дагаад хөрөнгө оруулагч нар мөнгөө бариад орж ирнэ гэсэн гэнэн хүлээлтээс салах цаг болсон байна.

-Хятад улсаас уул уурхайн ойрын ирээдүй нэгэнт хамаарч байгаа учир манай орон яах ёстой юм бэ?

Одоо 2 хувилбар байна. Эхнийх нь бизнес эрхлэгчдийн санаачлагатайгаар хөрөнгө оруулагчдыг татах, хоёр дахь нь төрийн оролцоотойгоор томоохон төслүүдийг шийдэх замаар гадаадын хөрөнгө оруулалтыг татах.

Эхний вариантын хувьд бизнес эрхлэгчдийн маань итгэл үнэхээр алдарч байна. Энэ нь саяын эдийн засгийн форум дээр тодорхой харагдлаа. Баялаг бүтээгч нар маань өмнө нь чиглүүлэгч, хөтөч болоод явж байсан бол одоо дагагч болон хувирлаа. Одоо бүх зүйл төр засгийн шийдвэрээс хамаарч байна. Ийм нөхцөлд бидэнд зөвхөн 2 дахь вариант л үлдсэн.

-Томоохон төслийг хөдөлгөснөөр үнэхээр эдийн засаг сайжрах уу?

Сайжирна, цаашид ч хүндрэлээс гарна. Үүний математик тооцоог эдийн засгийн форум дээр танилцуулсан. Хэрэв бид гадаадын шууд хөрөнгө оруулалтыг 2 тэрбум ам.доллараар нэмэгдүүлбэл валютын ханш 1566 болж буурах боломжтой.

Ирэх 2-3 жилд хөрөнгө оруулалтаас 4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татагдвал жилийн ханш 48 хувиар буурч, 1231-д хүрэх тооцоо гарсан.

Мөн эдгээр хөрөнгө оруулалтын хүрээнд одоогийн аж үйлдвэрийн салбар 4.9-9.8 хувиар, үйлчилгээний салбар 5.3-10.7 хувиар нэмж өсөхөөр байна. Эдгээрийн үр дүнд эдийн засгийн өсөлт одоогийн түвшнээс 3.9-7.8 хувиар өсч, үндсэндээ 15.6 хувийн өсөлт үзүүлэх боломжтой байна.   

-Ярилцсанд баярлалаа.