Шинэ эринд тавтай морил
2015.06.10

Шинэ эринд тавтай морил

Боловсрол; соёл, шинжлэх ухааны яамнаас 2012 оноос “Авьяас хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байгаа.

Уг хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн дөрөв, Хөвсгөл, Орхон, Хэнтий зэрэг орон нутгийн зургаа, олон улсын сургалттай гурван сургуульд лего роботын болон гитарын клуб байгуулахаар болжээ. Үүний дагуу дээрх сургуулийн төлөөллүүдэд өчигдөр роботыг дагалдах хэрэгслийн хамт гардууллаа. Мөн нийслэлийн хоёр сургуульд гитар болон бусад дагалдах хэрэгсэл өгсөн юм.

“20 гаруй сургууль роботын клуб ажиллуулах боломжтой болно”

Лего робот нь нэг иж бүрдэлдээ чөлөөт сонголтоор угсарч болохуйц жижиг хуван- цар хэсгүүд, төрөл бүрийн араа, дугуй, туузан дамжуурга, програмчлах боломж бүхий төв процессор, төрөл бүрийн цахилгаан мотор, өнгө, зай, дуу гэх мэт олон төрлийн мэдрэгчүүдээс бүрддэг сургалтын цогц хэрэглэгдэхүүн юм. Үүнийг ашигласнаар сурагч өөрийн хүссэн загвараар роботоо угсарч, програмчлан тодорхой үйлдэл гүйцэтгэх "Зорнлт тавьж, бодитойгоор туршин хэрэгжүүлэх нөхцөл бүрддэг гэж Роботын боловсролын нийгэмлэгийн захирал Д.Төмөрчөдөр хэллээ.

Роботын клубийг сурагчдын нас сэтгэхүйн онцлогт нь тохируулан бүтээлчээр сэтгэх сэдэл төрүүлэх, хөгжих боломж олгох зорилгоор байгуулснаар ирээдүйн инженерийн авьяас, чадварыг сурагч ахуйд нь нээж, хөгжүүлэх боломж бүрдэнэ гэж салбарын сайд Л.Гантөмөр онцлов.

Тэрбээр “Монголд хэрэгцээтэй чиглэлээр суралцахад нисэх загвар, роботын клуб ихээхэн хувь нэмэр болно. Орчин үеийн технологит суурилсан лаборатори байгуулахад хүндрэл бий. 200 сургуульд физикийн лаборатори байгуулсан. Бүх сургуульд роботын клуб байгуулахад өндөр өртөгтэй. Гэхдээ гадаадын зээл тусламж авах байх. Үлдсэн сургуулиудад роботын клуб байгуулах мөнгийг яам олно” гэлээ.

Бид Роботын боловсролын нийгэмлэгийн захиралД.Төмөрчөдөрөөс зарим зүйлийг лавлалаа.

-Роботын нэг иж бүрдэл нь ямар үнэтэй байдаг вэ. Энэ удаа хэчнээн төгрөгийн робот сургуулиудад өгч байгаа вэ?

Роботын нэг хайрцаг иж бүрдэл нь 1.2 сая төгрөг. Зөвхөн ганц робот биш, янз бүрийн загвараар угсардаг нэмэлт хэрэглэгдэхүүн, программууд, сурах бичиг, үзүүлэнгийн самбар нь дагалдаж байгаа. Сургууль бүрт ойролцоогоор 30-40 хүүхэд хичээллэх боломжтой.

Нэг сургуульд хоёр иж бүрдэл өгсөн. Маргааш (өнөөдөр) Хан-Уул дүүргийн найман сургуульд өгнө. Энэ жил төрийн өмчийн 20 гаруй сургууль роботын клуб ажиллуулах боломжтой болно. Эхний ээлжинд 13 сургуульд роботын клуб байгуулах хэрэгсэлд Засгийн газраас нийт 50 орчим сая төгрөг гаргасан.

-Сургуулиудад лего роботын клуб байгуулж байгаа гэлээ. Багшлах боловсон хүчнийг хангалттай бэлтгэж чадсан уу?

Багш нарыг гурван жилийн хугацаанд бэлтгэсэн. Тухайн сургуулиас хэн сонирхож байна, тэр багш сурах боломжтой. Интеграцчилал, мэдээлэл зүй, физик гээд олон талын мэдлэг шаарддаг учраас өөрөө сонирхож байвал роботын багшаар суралцаж болно. Манай улсад роботын дугуйлан хичээллээд гурван жил болж байна. АНУ, Англи зэрэг оронд хөгжөөд 20 гаруй жил болсон. Хүүхдийн роботоор тоглох сонирхол дээр тулгуурлан. шинжлэх ухаан руу татаж, сэтгэн бодох чадварыг нь хөгжүүлдгээрээ давуу талтай гэлээ.

2012-2013 онд ерөнхий боловсролын сургуулийн нийт сурагчдын 20 хувь нь дугуйланд хамрагддаг байсан бол 2014-2015 онд энэ тоо тав дахин нэмэгдсэн байна.

“Авьяас хөтөлбөр”-ийг хэрэгжүүлснээр 100 орчим сургууль нисэх загварын танхимтай болжээ. Хүүхдийн хөдөлгөөн тэнцвэрийг дэмжих, сонсгол хэмнэлийн мэдрэмжтэй болгох, цэцэрлэгийн хүүхдийн хэл яриаг хөгжүүлэх гэсэн таван чиглэлээр 120 гаруй дугуйлан ажиллуулж байгаа аж. Сургуулиудыг хэрэгцээт тоног төхөөрөмжөөр хангахад улсын төсвөөс нийт 10 орчим тэрбум төгрөг зарцуулжээ. Цаашид бүх сургуулийг нисэх загвар, лего робот, гитарын клубтэй болгох юм байна.