Үе үеийн пионерийн удирдагчид Төрийн ордонд чууллаа
Монгол улсад хүүхдийн байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна.
Энэ ойг тохиолдуулсан хүндэтгэлийн хурал өчигдөр Төрийн ордны Их танхимд боллоо. Тэртээ 1925 оны тавдугаар сарын 8-нд “Бүх Монголын залуучууд эвлэлдэн нэгдэх, хойчийг залгамжлагч Пионер хэмээх багачуудын холбоо байгуулагдсанаар Монгол улсын хүүхдийн байгууллагын шинэ цагийн түүх бичигджээ.
Үндэсний хувьсгалын жилүүдэд хүүхдийн хөдөлгөөн, Социалист бүтээн байгуулалтын үед Пионерийн байгууллага, Ардчилсан хувьсгалын дараахь орчин цагийн хүүхдийн байгууллага гэж хүүхдийн байгууллагын түүхийг үечилж болно.
Хүндэтгэлийн хуралд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, УИХ-ын эмэгтэй гишүүд НҮБ-ын Хүүхдийн сангийн Шадар зөвлөх Жулит Бруно болон Хүүхдийн төлөө үндэсний газар (ХТҮГ)-т ажиллаж байсан ахмад буурлууд болон шинэ үеийн төлөөлөл оролцлоо. Баярын хурлыг нээж ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ үг хэлэв. Монголын хүүхдийн байгууллагын түүх бол Монгол Улсын хөгжлийн салшгүй нэг хэсэг юм.
Энэ байгууллага эх орныхоо хөгжилд оруулсан хувь нэмрээ Төрийн дээд шагнал Сүхбаатарын одонгоор гурвантаа баталсан бахдам түүхтэй билээ. 1990 оны эхээр Пионерийн байгууллага задарч олон нийтийн статусаас төрийн байгууллага руу шилжсэн. 1990 оны цагаан морин жилийн ардчилсан хувьсгалын дараахан Монголын идэрчүүдийн холбоо, Монголын скаутын холбоо, Залгамжлагч холбоо, Өсвөрийн улаан загалмайчдын холбоо зэргийг хүүхдүүд өөрсдөө удирдан зохион байгуулах болсон.
Эдгээр байгууллагад хүүхдүүд өөрсдийн хүсэл сонирхлын дагуу сайн дурын үндсэн дээр нэгдэж байсан юм. Өнөөдөр эдгээр байгууллагуудад Монголын өсвөр насны хүүхдүүдийн 12 хувь нь нэгдэж байна хэмээн ХАХНХ-ын сайд онцлон тэмдэглэв. Тэрбээр, “Хойч үе, залгамжлагч пионер багачуудын холбооноос түүхээ бичиж эхэлсэн. Хүүхдийн байгууллага нь цаг үеийн аясаар хүүхдийн эрхийг хамгаалах, хэрэгжүүлэх, хангах чиг үүрэг бүхий төрийн байгууллага болон хөгжиж ирлээ. Улс орны ирээдүй болсон хүүхдийн асуудлыг аль ч нийгэм, засаглалын үед Монгол төрийн бодлогод тусгаж ирсэн.
Монгол Улс 3 сая дахь иргэнээ хүлээн авч, жилээс жилд хүн амын өсөн нэмэгдэж буй энэ үед хүүхдийн байгууллага стратеги, бүтцийн шинэчлэл хийж, тогтолцоо, хүний нөөц, ажлын цар хүрээгээ улам бүр өргөжүүлэн тэлж байна. Хүүхдийн өмнө тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, тэднийг аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх, бодит байдалд нийцсэн хэрэгжих боломжтой хуулийн тогтолцоо бүрдүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд хүүхдийн хөгжлийг дэмжих, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжийг бий болгох чиглэлээр ажиллаж байгаа. Энэ хүрээнд 2015 онд 10 гаруй тэрбум төгрөгийг хүүхдийн байгууллагад зарцуулжээ.
Хүүхдийн эрх, эрх чөлөө хэрхэн хангагдаж, тэдний төлөвшил ямар байгаагаар тухайн улс орны түвшинг тодорхой харж болдог. Тиймээс Монгол улсын маргаашийн өнгө төрх болсон хүүхдийн сайн сайхны төлөө төр, иргэний нийгмийн болон олон улсын байгууллага хамтран ажиллаж, томоохон амжилтад хүрнэ гэдэгт итгэл төгс байна. Шинэ үеийнхэн эх орны өнцөг булан бүрт мэндэлж, түүхийн хуудсаа зузаалан Монгол орны оршихуйн баталгааг дархалсаар ирлээ.
Үүний гэрч нь Монголын хүүхдийн байгууллага, түүний галыг манаж байгаа үе үеийн ажилтнуудын оюун билэг, сэтгэл зүрх, хүч хөдөлмөр юм” гэлээ. Нээлтийн ёслолд Ерөнхий сайд Ч.Сайханбиэлг үг хэлэв. Тэрбээр, “Таван жилд нэг удаа болдог “Залгамжлагч V” чуулганыг удирдан явуулж байсан хүүхэд насны минь сайхан дурсамж энэ байгууллагатай холбоотой.
Хүүхдийн байгууллага, хөдөлгөөн нь тухайн цаг үеийнхээ тусгал байдаг. Хүүхдийн байгууллага бол амьдралын асар том их сургууль, том тогтолцоо болж хөгжиж ирсэн. Шинэ үеийн хүүхдийн байгууллага, хөдөлгөөнийхэн дараах зүйлүүдийг эрхэмлэн ажиллах хэрэгтэй. Хүүхдүүдэд амьдрах ухаан зааж, монгол ахуй, монгол зан заншил, монгол соёлыг түгээх учиртай. Монгол Улсын Засгийн газар, БСШУЯ-наас “Монгол хүүхэд" хөтөлбөрийг хэрэгжүүлж, хүүхэд болгоны авьяас, онцлогийг нээхийн төлөө ажиллаж байна.
Хүүхэд болгон бахархан дуурайх хүнтэй, ийм итгэл үнэмшлийг бий болгох, зөв, сайн хүн төлөвшүүлэхийн төлөө хичээж ажиллах ёстой гээд профессор Марк Льюсийн “Хүн амьдралынхаа ихэнх цаг хугацааг өөрөө өөртэйгөө өнгөрүүлнэ. Өөртөө таалагдахгүй бол амьдралынхаа дийлэнх хугацааг өөртөө таалагддаггүй хүнтэй өнгөрүүлнэ гэсэн үг". “Бид шинэ үнэт зүйлтэй болох ёстой. Хуучин нийгэмд байсан үнэт зүйлүүдийг ардчиллын үнэт зүйлүүдтэй холбох, хүүхэд өөрөө өөртөө эзэн нь болж төлөвшихийн утга учир юу байх юм бэ гэдгийг бид энэ үнэт зүйлээр илэрхийлэх учиртай.
Энэ бүхэн нь дан ганц хүүхдийнх биш багийн тоглолт, хамт олон бүрдүүлэх тухай асуудал юм. Хамт олон, зөв бүтэц, зохион байгуулалтаар дамжсан хүүхэд ирээдүйн нийгмийн зөв зүтгэгч, зөв гишүүн болж төлөвшинө" гэлээ. Мөн хүндэтгэлийн хуралд УИХ-ын дарга З.Энхболд илгээлт ирүүлжээ. Уг илгээлтэд "Монгол Улсын хөгжил дэвшлийн түүхийг бүтээлцэгчдийн нэгэн үеийг бэлтгэсэн бахархам замналтай хүүхдийн байгууллага Нийслэл хүрээнд "Хэзээд бэл- хэн" уриатай "Хойчийг залгамжлагч багачуудын холбоо" нэртэйгээр анх байгуулагдсанаас хойш эдүгээ 90 жилийн түүхтэйгээ золгож байна.
Туулж өнгөрүүлсэн 90 жилийн хугацаанд монголын хүүхдийн байгууллага төр засгийн дэмжлэг, иргэний нийгмийн болон төрийн бус байгууллагын оролцоо дэмжлэгтэйгээр хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хөгжил, хамгааллын төлөө хоёргүй сэтгэлээр ажиллаж ирснийг Монголын төр засаг өндрөөр үнэлж ирсэн билээ. Өнөөдөр монголын олон хүүхэд бахархам сайхан амжилтаараа тив дэлхийд улс эх орныхоо нэрийг цуурайтуулж, үе тэнгийнхэн дундаа манлайлж, үлгэр дууриалал болж буйг бахархан тэмдэглэхэд таатай байна. Улс орны хөгжлийн хандлага, нийгмийн болон хүүхдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн Монгол Улсын төр хүүхдийн талаар авч хэрэгжүүлэх бодлого, хууль, эрх зүйн шинэчлэлийг эрчимтэй хийж байна.
УИХ Хүүхдийн эрхийн тухай конвенцийн "Мэдээлэл хүргүүлэх журмын тухай" нэмэлт протоколыг соёрхон баталж, “Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлого”, "Хүүхэд хамгааллын тухай", "Хүүхдийн эрхийн тухай", "Хүүхэд харах үйлчилгээний тухай", "Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай”, "Гэр бүлийн тухай" хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Эдгээр хуулийн төслийг баталснаар хүүхдийн асуудлаарх эрх зүйн орчин цогц бүрдэж, салбар хоорондын уялдаа холбоо сайжирч, хүүхэд хамгааллын тогтолцоо боловсронгуй болж, хүүхдийн эрх бүрэн хангагдах боломж бүрдэх болно.
Ирээдүй үеэ мэдлэг чадвартай, хүмүүжил төлөвшилтэй, ухаалаг иргэн болгон төлөвшүүлэхэд хүүхдийн хөгжил оролцоог бүх талаар нэмэгдүүлэх, хүүхдийн эрх ашгийг хамгаалах өргөн хүрээний асуудлаар нийгмийн хандлагыг өөрчлөх эрхэм зорилгын төлөө төр засаг, иргэний нийгэм, эцэг эхчүүд бүгд хамтын хүчээр тэмцэж, идэвх санаачлагатай ажиллах шаардлагатай байна.
Тиймээс хүүхдийн эрхийг хангах, хөгжил, хамгааллыг баталгаажуулах зорилгоор УИХ-аас баталсан бүх хууль, тогтоомжуудын хэрэгжилтийг ханган, биелүүлэхийн төлөө идэвхтэй хамтран ажиллахыг төр, засгийн бүх шатны байгууллага, төрийн бус байгууллага, эцэг эх, олон нийтэд уриалж байна. Бидний үргэлжлэл, энэ улс орны ирээдүйн эзэд болсон цог золбоот, авъяаслаг хүүхэд багачууддаа Монгол Улсад хүүхдийн хөдөлгөөн, байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойн баярын мэндийг дахин дэвшүүлж аз жаргал, эрүүл энх, инээд баясал, сурлагын өндөр амжилт, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе" гэжээ.
Энэ үеэр хүүхдийн эрх жинхэнэ утгаараа хамгаалагдаж байсан үе бол 1960- 1990 он хүртэлх цаг хугацаа гэдгийг ахмадууд дурсч байлаа. Энэ цаг үед хүүхдүүдээ сонсдог, эрхийг нь хамгаалдаг жишиг үе байсныг дурсч байна. Зах зээлийн нийгэмд шилжиж ганзага үүрч гахай зөөж эхэлсэн тэр үеийг Монгол улсад хүүхдийн эрх хамгийн их зөрчигдсөн үе гэж тодорхойлж байв. Энэ үеэс л тэнэмэл хүүхэд бий болж хүүхдүүд тэвчишгүй хөдөлмөр эрхлэх болжээ. Монгол улсын гурван сая иргэний гуравны нэгийг 0-18 насны хүүхдүүд эзэлж байна.
Хүүхэд хөгжил, хүүхэд хамгааллын асуудлыг уламжлалын үнэт зүйл шинэчлэлийн шинэ сэтгэлгээтэй хослуулан шийдвэрлэх шаардлага байгааг ч энэ үеэр салбарын сайд хэлж байлаа.Хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдийн төлөө 300 гаруй төрийн бус байгууллага байна. Эдгээр байгууллагын үйл ажиллагаа эзэддээ чиглэж байгаа эсэхэд олон нийт ондоо байр суурьтай байна. Хүүхдийн хөдөлгөөн үүссэн түүхэн ойн энэ өдрүүдэд дээрх асуудлаар санал бодлоо солилцсон юм.