Хүүхдийн хөдөлгөөн, байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойн мэндчилгээ
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ
2015.06.04

Хүүхдийн хөдөлгөөн, байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойн мэндчилгээ

Хүүхдийн байгууллагын ажилтан албан хаагчид, үе үеийн удирдлагууд, ажилтан албан хаагчид, ахмад буурлууд, Хүүхэд, багачууд аа. 

    Та бүхэнд Монгол Улсад Хүүхдийн хөдөлгөөн,  байгууллага үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ойн баярын мэндчилгээг өргөн дэвшүүлье. 

    Монголын хүүхдийн байгууллагын 90 жилийн түүх бол Монгол Улсын хөгжлийн түүхийн салшгүй нэг хэсэг бөгөөд улс эх орныхоо хөгжилд оруулж ирсэн хувь нэмрээ төрийн дээд шагнал Сүхбаатарын одонгоор  гурвантаа баталсан бахархам түүх билээ. 

   1980-аад оны сүүлч, 90-ээд оны эхээр “Пионерийн байгууллага” хэмээх хүүхдийн байгууллага задарч, олон нийтийн байгууллагаас төрийн байгууллага руу шилжсэн нь Хүүхдийн байгууллагын хөгжилд эерэг, сөрөг үр дагаврын аль алиныг нь авчирсан юм. Монголын Пионерийн байгууллага түүхэн үүргээ гүйцэтгэж, шинэ нөхцөл байдалд зохицсон хүүхдийн шинэ шинэ хөдөлгөөн, байгууллагууд үүсч бий болох шимтэй суурь хөрсийг бий болгосон нь тус байгууллагын түүхэн сургамжийн үр дүн байлаа. 

    1990 оны цагаан морин жилийн ардчилсан хувьсгалын дараахан Монголын Идэрчүүдийн холбоо, Монголын скаутын холбоо, Залгамжлагч холбоо, “Нэг өртөнц өсвөр үе байгууллага”, Өсвөрийн улаан загалмайчдийн холбоо, Монголын эмэгтэй скаутын холбоо, “Зөнгийн хүүхдүүд” өсвөр үеийн байгуулага, Монголын сурагчдын холбоо шил шилээ даран шинээр байгуулагдаж эхэллээ. Эдгээр байгууллагуудад хүүхдүүд өөрсдийн хүсэл сонирхолын дагуу сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдсэн юм. Өнөөдөр эдгээр байгууллагуудад манай өсвөр насны нийт хүүхдийн 12 хувь нь хамрагдаж байна.

    Энэ баярт өдрийг тохиолдуулан хүүхдийн байгууллагын үе үеийн залуу үеийнхэнийг сайн хүн болгож хөгжүүлж, тэднийг сайн хүн байлгахын төлөө өөрийн оюун ухаан, бүх хөдөлмөрөө зориулсан бүх хүмүүст чин сэтгэлээсээ баярлаж байгаагаа илэрхийлээд та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.

    “Хойчийг залгамжлагч Пионер багачуудын холбоо”-ноос түүхээ бичиж эхэлсэн пионерийн байгууллага нь түүхэн цаг үеийн аясаар олон нийтийн байгууллагаас хүүхдийн эрхийг хэрэгжүүлэх, хамгаалах, хангах чиг үүрэг бүхий төрийн байгууллага болон өөрлөгдөн, хөгжиж үйл ажиллагаагаа явуулж байна.

    Улс орны ирээдүй болсон хүүхдийн асуудал аль ч нийгэм, засаглалын үед Монгол төрийн бодлогын цөмд байсаар ирсэн. Монгол Улс 3 сая дахь иргэнээ хүлээн авч, жилээс жилд хүн амын өсөлт нэмэгдэж байгаа хүн амын цонх нээгдсэн үед Хүүхдийн байгууллага стратеги, бүтцийн шинэчлэл хийж бүтэц, тогтолцоо, хүний нөөц, ажлын цар хүрээ улам өргөжин тэлж байна. 

    Хүүхдийн өмнө тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, тэднийг аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах төрийн чадавхийг бэхжүүлэх, байгаа нөөц өгөгдлүүдийг зөв зохистой ашиглах, бодит байдалд нийцсэн, хэрэгжих боломжтой бодлого, хууль, эрх зүйн орчинг бүрдүүлэх, бодлого, арга зүйн шинэчлэлийг бид бүхэн хамтран хийж байгаагаас гадна сүүлийн жилүүдэд хүүхдийн оролцоог хангах, хөгжлийг дэмжих, чөлөөт цагийн хүртээмжтэй орчинг бий болгоход чиглэсэн төсвийн хөрөнгө оруулалт нэмэгдэж байна. 

    Хүүхдийн эрх, эрх чөлөө хэрхэн хангагдаж, тэдний хөгжил, төлөвшил ямар байгаагаар тухайн улс орон, байгууллага, гэр бүлийн хөгжлийн түвшинг тодорхойлон харж болдог. Тиймээс Монгол Улсын өнөөдрийн өнгө, маргаашийн хөгжлийн төрх болсон хүүхэд бүрийн сайн сайхны төлөө төр, иргэний нийгмийн байгууллага, олон улсын байгууллага, хүүхдийн асуудлыг хамаарах бүхий л салбар, гэр бүл эцэг эх, олон нийт бүгдээрээ хамтран ажиллаж илүү их амжилтанд хүрнэ гэдэгтээ итгэл дүүрэн байна. 

    Цаг цагийн тусгал болсон хүүхдийн амьдрал, нийгмийн хөгжлийн алхаанд олон өнгөөр тодорч, ололт амжилт дурсамж, дурдатгал, туршлага, сургамжаа үлдээн үргэлжилсээр байна.

    Шинэ үеийнхэн эх орны өнцөг булан бүрт мэндэлж түүхийн хуудас зузаалан, Монгол орны оршихуйн баталгааг дархалсаар байна. Түүний гэрч нь Монголын хүүхдийн байгууллага, түүний галыг манаж байгаа хүүхдийн үе үеийн ажилтнуудын оюун билэг, сэтгэл зүрх, хүч, хөдөлмөрөөр бүтсэн ажил үйлс юм.

    Хүүхэдтэй хувь заяагаа холбосон хүн бүрийн үйлс нь гийж
    Буян нь дэлгэрч байх болтугай

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ