Мэндчилгээ
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ
2015.06.03

Мэндчилгээ

Эрхэм хүндэт хүүхэд, багачууд, багш, сурган хүмүүжүүлэгч, эцэг эхчүүд Та бүхэндээ Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, хүүхдийн баярын халуун мэндийг дэвшүүлэхийн ялдамд Монгол улсад хүүхдийн хөдөлгөөн, байгууллага үүсч, хөгжсөний түүхт 90 жилийн ойн баярын мэндийг хүргэе. 

Улс орны ирээдүй болсон хүүхдийн эрх, хөгжил, хамгааллын асуудал түүхийн аль ч үед Монгол төрийн бодлогын цөмд байсаар ирсэн. Манай улсын хүн ам жилээс жилд өсөн нэмэгдэж 3 сая дахь иргэнээ өлгийдөн авсан билээ. Энэ чухал цаг үед хүүхдийн өмнө тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, тэднийг аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах төрийн чадавхийг бэхжүүлэх, бодит байдалд нийцсэн, хэрэгжих боломжтой бодлого, эрх зүйн орчин бүрдүүлэх, хүүхдийн хөгжил оролцоог дэмжих чөлөөт цагийн хүртээмжтэй орчинг бий болгоход бид бүхэн гол анхаарлаа хандуулан ажиллаж байна. 

Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан "Бид шинэ үеийн хүүхдүүд" хүүхдийн үндэсний чуулганыг Олон улсын Хүүхдийн найрамдал төвд 2015 оны 5 дугаар сарын 30, 31-ний өдрүүдэд зохион байгуулж, хүүхэд, өсвөр үеийнхний дуу хоолойг сонсож, олон сайхан санаачлагуудыг ажил хэрэг болгохоор хүлээн аваад байгаагаа дуулгахад таатай байна.

Хүүхдүүд ээ, Та бүхний сайн сайхны төлөө дэвшүүлсэн аливаа зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд хамгийн гол үүрэг гүйцэтгэгч нь та нар өөрсдөө байдаг. Хүүхэд бүхэн өөрийн гэсэн зорилготой, түүндээ хүрэх тэмүүлэлтэй, өөрийгөө болон бусдыг хүндэтгэдэг,тэднээс суралцдаг санал бодлоо чөлөөтэй илэрхийлдэг, буруу муу зуршлаас хол, гэгээн мөрөөдөл, зорилгыг эрхэмлэн сайн зүйлд санаачлагатай хандах нь ирээдүйд сайн хүн болж сайхан амьдрахын эхлэл болно.

Мөн Монгол ёс уламжлалаа мэддэг, аав, ээж, ахас дээдсээ хүндэлдэг, хүмүүнлэг, өөрийнхээ эрхийг бусдын эрхээр хязгаарлаж чаддаг, зөвд зөөлөн, бурууд хатуу, байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалдаг, шудрага журамтай “Зөв Монгол хүн” болж төлөвших нь эх орныхоо ирээдүй болсон хүүхэд та бүгдийн эрхэмлэн дагах журамт үүрэг юм. Хүүхдийн хөгжлийн анхдагч орчин нь гэр бүл учраас хүүхдийг зөв хүмүүжүүлэх, хөгжүүлэх, тэднийг ирээдүйд сайн хүн болгон төлөвшүүлэхэд гэр бүлийн халуун, дулаан уур амьсгал, аав, ээжийн хайр энэрэл, үнэт сургааль, үүрэг хариуцлага хамгаас чухал юм. 

Даяаршиж буй нийгэмд Чингэс хаанаар овоглосон Монгол түмний үр сад дэлхий дахинд өөрийн оюун ухаан, мэдлэг чадвараараа гайхагдсан, хариуцлагатай иргэд болон төлөвшинө гэдэгт би итгэлтэй байна.

Монгол орны өнцөг булан бүрт суугаа мянга мянган хүүхэд багачууддаа үргэлж инээд хөөр, баяр баясгалан, аз жаргалаар дүүрэн байхын ерөөл өргөе.

    Айл гэрийн хойморт хүүхэд бүхэн инээж байг.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН,ХҮН АМЫН ХӨГЖИЛ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД С.ЭРДЭНЭ